Сайжрах уулаас олдсон үлэггүрвэлийн чулуужсан мөр шуугиан тарьж байна


Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Япон Улсын Окаямагийн Шинжлэх ухааны их сургуулийн 4 монгол, 3 япон судлаачаас бүрдсэн баг Монгол Улсын Төв аймгийн Эрдэнэсант сумаас махчин болон өвсөн тэжээлт үлэггүрвэлийн чулуужсан мөр илрүүлжээ. Эдгээр мөр 120 сая орчим жилийн өмнө үүссэнийг судлаачид тогтоогоод байна. Энэ нь Доод Цэрдийн галавт үлэмж амьтад амьдарч байсныг нотлох нотолгоо боллоо.

Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дахь Шар цаваас үлэггүрвэлийн 18 мянган чулуужсан мөрийг 1995 онд илрүүлж, 1996, 2001 онд Монгол, Японы судлаачид хамтран судалсан юм. Эдгээр мөр 90 сая жилийн настай. Хожуу буюу Дээд Цэрдийн үед хамаардаг.

Тэгвэл энэ удаагийн чулуужсан мөрүүд Монголын төв хэсэгт орших Сайжрах уулаас олджээ. Эдгээр мөр Түрүү буюу Доод Цэрдийн үед хамаарна. Энэ бол 120 сая жилийн өмнө үлэггүрвэл амьдарч байсныг нотлох хөдлөшгүй баримт болов. Үүгээр аварга биет махчин, өвсөн тэжээлт амьтдын амьдарч байсан цаг хугацаа урагшилж байгаа юм. Энэ нь палеонтологийн шинжлэх ухаанд чухал баримт болж, шуугиан тарьж байна.

Монголын нэгэн газарзүйч Сайжрах ууланд үлэмж биет амьтны чулуужсан мөртэй таарснаа 1950-иад онд судалгааны өгүүлэлдээ тэмдэглэн үлдээсэн байдаг аж. Гэвч уг өгүүлэлд тухайн газрын байршил, бусад мэдээлэл дутмаг, үлэггүрвэлийнх гэдэгт итгэлгүй байсан тул судлаагүй аж. Харин саяхан Монголын нэгэн судлаач уг байршлыг нарийвчлан тогтоожээ. Ингэснээр Монгол, Японы судлаачид 2024 онд судалгаагаа эхлүүлжээ.

Энд 15 метр урт биетэй, үлэмж том өвсөн тэжээлтэн үлэггүрвэл болох зауроподуудын үлдээсэн 19 мөрөөс бүрдэх 2 хэсэг замт мөр болон 8 метр орчим урттай теропод махчин үлэггүрвэлүүдийн 12 мөрөөс бүрдэх мөр 5 мөрт зам үлджээ. 5-6 зүйлийн үлэггүрвэл энд 5х7 метр талбайд зэрэгцэн явж байсан аж.

Монголын нутаг дэвсгэрээс Дээд Цэрдийн галавын үед хамаарах үлэггүрвэлийн олон олдвор олдсон боловч Доод Цэрдийн галавын үед холбогдох чулуужсан мөр цөөхөн.

“Эдгээр олдвор том үлэггүрвэлийн талаарх судалгаанд газарзүйн цоорхойг нөхөж байна. Бид ирэх зун дахин судалгаа хийхээр төлөвлөж байна. Уг чулуужсан мөрийн ойролцоох геологийн тогтоцыг харвал чулуужсан яс үлдсэн байх боломжтой. Бид энэ удаад үлэггүрвэлийн чулуужсан яс олно гэж найдаж байна” гэж уг судалгаанд оролцсон Японы Үлэггүрвэлийн судалгааны музейн хүндэт захирал Шинобу Ишигаки “Асахи Шимбун” сонины сэтгүүлчид ярьжээ.

Учир нь манай орны говиос л үлэггүрвэлийн яс, чулуужсан мөр олддог байсан бол энэ удаад төв хэсгээс олдлоо. Энэ нь үлэмж биет гүрвэлийн газарзүйн хийдлийг нөхсөн шинжлэх ухааны чухал ач холбогдолтой нээлт болжээ.

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Б.Майнбаяраар ахлуулсан судалгааны баг энэхүү үлэггүрвэлийн чулуужсан цуваа мөрийг судалсан судалгааныхаа үр дүнг олон улсын “Ichnos” сэтгүүлийн 3-р сарын дугаарт хэвлүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *