NTV телевиз, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллага хамтран, өнөөдөр нийслэлийн 23 дугаар сургууль дээр “Нэг мөр цэг тавья” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үе тэнгийн дээрэлхэлтэд нэг мөр цэг тавих боломжийг хайсан энэ хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Т.Мөнхсайхан, О.Саранчулуун, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны дарга, дэд хурандаа А.Амарбат, ГБХНХЯ, Хүүхдийн шуурхай тусламж хамгааллын 108 төв, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, иргэний нийгмийн байгууллагынхан, сэтгүүлчид оролцлоо.
Дээрэлхэлттэй холбоотой дуудлага өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 273, 108 дугаарын утсанд 1027, ГССҮТ-д 1583 ирсэн байна. Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд ирсэн сүүлийн гурван жилийн дуудлагаас харахад үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 53 хувь нь 11-14, 23 хувь нь 15-181 насныхан аж. Тэдний 75 хувь хөвгүүд, 25 хувь нь охид.
Үе тэнгийн дээрэлхэлт илэрсэн газар:
- Ерөнхий боловсролын сургуулийн эргэн тойронд 709 удаа
- Гэр бүлийн орчинд 90,
- Олон нийтийн газар 226,
- Цахим орчинд 1,
- Хүүхэд хамгааллын үйлчилгээнд 1
Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой 1027 дуудлагыг ангилбал:
- 38 нь ялгаварлан гадуурхалт,
- 4 нь мөнгө дээрэмдсэн,
- 28 нь хэл амаар доромжилсон,
- 56 нь бүлэглэж дарамталсан,
- 813 нь биед халдсан,
- 87 нь удаан хугацааны туршид олон удаа дээрэлхсэн,
- 1 нь цахим орчимд дарамталсан байна.
“Нэг мөр цэг тавья” хэлэлцүүлэгт оролцогсод үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооход яаж оролцох, юу хийхээ амлав. Уг хэлэлцүүлгээс зөвлөмж гаргах юм.
