“АПУ дейри” компани герман технологичтой хамтран, олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж байна. Герман Улсаас ирсэн сүүний технологич Грегор Шефер “Хонин нуга” брэндтэй хамтарч, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм. Түүний туршлага, ур чадвараас “Апу дейри” компанийн ажилчид суралцаж, шинэ технологи нутагшуулж эхэллээ.
“АПУ дэйри” компанийн бяслагний үйлдвэрт ажиллах Грегор Шефер Герман улсад сүүний технологич, тэр дундаа бяслаг үйлдвэрлэхэд төвлөрч ажилласан туршлагатай нэгэн юм. Одоогийн байдлаар олон улсад бяслагны зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Монгол дахь APU компанийн “Хонин нуга” брэндтэй хамтран ажиллаж байна.
ГРЕГОР ШЕФЕР: /Герман улсын сүүний технологич/
-Би олон оронд ажиллаж байсан туршлагатай. Харин Монголд тулгарч байгаа гол сорилт бол улирлын уур амьсгалын өөрчлөлт. Энэ нь фермерүүдийн сүүний тогтвортой нийлүүлэлтэд нөлөөлдөг юм байна. Гэсэн ч энд бидэнд олон зүйлийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох гэх мэт олон боломж байгаа гэж харж байна.
Мөн компанийн залуу ажилтнууд идэвхтэй, шинэ зүйл хөгжүүлэх сонирхол хүсэл эрмэлзэлтэй байгаа нь сайхан байна. Эдгээр залуус ирээдүйд Монгол Улсад шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, салбарыг улам сайжруулах болно” гэв.
Сүүний технологич Грегор Шефер БНХАУ-д хоёр төсөл дээр ажиллаж байжээ. Харин одоогоор моцарелла бяслагны борлуулалтыг нэмэх, ялангуяа түргэн хоолны сүлжээнд зах зээлийг тэлэх чиглэлээр мэргэшсэн юм байна. Ингэснээр фермерүүдээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэлх бүх шатанд чухал ач холбогдолтойг тэрбээр онцолсон юм.
“Хонин нуга” брэнд 3 жилийн өмнөөс бяслаг үйлдвэрлэж эхэлсэн. Үүний гол зорилго нь импортын бяслагийг орлох, мөн шингэн сүүний үнэ цэнийг нэмэх юм. Мөн компани моцарелла бяслагны тоног төхөөрөмжид хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр цаашид “АПУ дэйри” компанийн “Хонин нуга” брэндийн бүтээгдэхүүн улам бүр хөгжиж, хэрэглэгчдийн таашаалд нийцсээр байх нь.
