Улсын Их Хурлаас 2021.01.15-нд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заажээ. Энэ заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн 2016.12.02-ны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн 51.2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн нэгэн иргэн ҮХЦ-д хандаад байна. Үүнийг Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлын хуралдаанаар шийдэх юм. Уг хурал 09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.
Энэ маргааныг цэц хэрхэн шийдэхээс Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг улирах уу, улираах уу гэдэг нь шийдэгдэнэ. Учир нь түүний бүрэн эрхийн хугацаа 2026.06.02-нд дуусна. Гэсэн ч тэр хуулийн цоорхойг ашиглан, албан тушаалдаа үлдэхээр мэрийж байгаа аж. Ямартай ч их хурлын гишүүдийн хууль батлахдаа гаргасан алдааг олж харан, түүгээр шургахаар оролдож байна. Уг нь УДШ-ийн ерөнхий шүүгчийг зөвхөн ганцхан удаа сонгох нь шүүхийг ариун, шударга, цэвэр ажиллуулах гэсэн зорилготой. Нэг газарт, нэг албан тушаалд удсан хүн ваакуумжиж, бодит байдлыг харж чадахаа больдог. Үүнийг бүгд л өндөр албан тушаалтан бүрээс харж байна.
Тиймээс Ерөнхийлөгчийг хүртэл 6 жилээр ганц л удаа сонгодог болоод байгаа. Ийм байхад ерөнхий шүүгч 12 жил ажиллах гэж зүтгэх нь ёсзүйгүй л явдал юм л даа.
Ерөнхийлөгчийг хүртэл 6 жилээр ганц л удаа сонгодог болоод байхад ерөнхий шүүгч 12 жил ажиллах гэж зүтгэх нь ёсзүйгүй л явдал юм л даа
Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа 2013.04.12-нд УДШ-ийн шүүгчээр томилжээ. Түүнийг тус шүүхийн ерөнхий шүүгчээр тавьсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. УДШ-ийн босго даван, шүүгч болсон тэр өдрөө буюу 2020.06.02-нд 7 жилийн дараа ерөнхий шүүгч болсон байна.
2019 оны 4 дүгээр сард ҮАБЗ-ийн зөвлөснөөр УИХ шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг чөлөөлж, шинэ хүн томилсон түүхтэй. Тухайн үед дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлж, түүний оронд Д.Ганзоригийг томилохоор УДШ-ийн шүүгч нар санал болгож байв. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг батламжлахаас татгалзсан юм. Яагаад гэдгээ хэлээгүй.
Ингээд дээд шүүхийн шүүгч нар дахин хуралдаж, Х.Батсүрэнг өргөн мэдүүлж, түүнийг нь Ерөнхийлөгч батламжилж байв. Гэсэн ч жил гаруйн дараа Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн. Шалтгаанаа тэр тайлбарлаагүй. Үүний дараа Д.Ганзоригийн нэрийг шүүгч нар дахин зүтгүүлж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг батламжилжээ. Өмнө нь хүлээж аваагүй хүндээ тэр удаад таатай хандах болсон учрыг бас л хэн ч мэдээгүй.
