Төв аймгийн Заамар суманд хайгуул хийгээд, бөглөлгүй орхисон цооногт 3 настай охин унаад, хонож байна. Охины зүрх зогссон өчигдөр /2026.05.28/ онцгой байдлын албаны эмч охины ар гэрийнхэнд хэлжээ.
Энэ талаар уг охины эгч “Онцгой байдлыг дагалдаж ирсэн эмч өчигдөр өглөө албан ёсоор “Зүрхний цохилт нь зогссон” гэж хэлсэн. Охин нь унасан даруйд ээж нь араас нь утасны камераараа харахад нуруундаа үүрсэн цүнх нь л харагдаж байсан гэсэн. Нэлээн олон цаг уйлаад, сүүлдээ мэдээж уйлж чадахгүй болсон. Охины эцэг, эх өөрсдийгөө буруутган, сэтгэл санааны маш хүнд дарамтад байгаа. Олон нийт цахим орчинд тэднийг бүү нэмж буруутгаасай. Бид ямар ч байсан охиноо гаргаж авахаар хүлээж сууна.
Ослын голомтод ажиллаж буй 40 гаруй техник хэрэгсэл бүгд уурхайн компанийнх. Харамсалтай нь онцгой байдлын албан хаагчид маань ямар ч багаж хэрэгсэлгүй, гар нүцгэн шахуу ирсэн. Төрийн албан хаагчдыг зориулалтын тоног төхөөрөмжөөр хангаагүй нь эндээс тод харагдлаа. Шаардлагатай байгаа “Могойн нүд” камер нь байхгүй учраас уурхайн хяналтын камерыг утсаар доош сунган, нөхцөл байдлыг тандаж байна. Камераар харахад хүүхэд доошоо хараад уначихсан, нуруу нь үзэгдэж байгаа.
Өчигдөр хувиараа алт ухдаг хэсэг хүн ирээд “Бид хамаагүй туршлагатай, ухаад гаргаад өгье” гэж гуйсан ч албаны хүмүүс стандартын бус гэдэг шалтгаанаар зөвшөөрөөгүй. Миний хувьд тэдгээр хүмүүс илүү чадах байсан болов уу гэж харж байлаа. Одоогийн байдлаар уурхайн ажилчид л чадлынхаа хэрээр бүхий л техник хэрэгслээ дайчлан ажиллаж байна” гэж NTV телевизийн сэтгүүлчид ярилаа.
Цооногийн хажуу талаас 8-9 метр хөндлөн ухахаар төлөвлөснөөс өнөө өглөөний байдлаар 4.5 метрийг гараар ухаад байгаа аж.
