Өлгийд хорио цээрийн дэглэм тогтоогоод 14 хонож байна


Улсын онцгой комиссын ажлын албаны ахлах мэргэжилтэн, хурандаа З.Баттулгаар ахлуулсан шуурхай бүлэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цагдаагийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөллүүд багтсан бөгөөд мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтэд үнэлгээ хийж ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Алтай сумын 3 дугаар багт шүлхий өвчтэй мал шинээр бүртгэгдсэн, Дэлүүн сумын хил орчмын бүсэд өвчилсөн мал илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Өвчин бүртгэгдсэн бүсүүдэд яаралтай хариу арга хэмжээ авч, өвчилсөн малыг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, халдварын тархалтыг хумих чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Аймгийн засаг дарга, Онцгой комиссын дарга Е.Зангар “Өлгий суманд хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш 14 хонож байна. Энэ сарын 8-наас эхлэн Өлгий сум болон Бугат сумын төвийн 3, 5 дугаар багт ариутгал халдваргүйжүүлэлтийг дахин өргөн хүрээнд зохион байгуулна. Мөн эдгээр бүсийн мал сүрэгт давтан тандалт хийж, шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мал эмнэлгийн байгууллага мэргэжлийн дүгнэлт гаргана.

Уг дүгнэлтийг үндэслэн хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэх эсэх, эсвэл сулруулах талаар саналаа Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хүргүүлнэ. Эцсийн шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргана. Хэрэв Өлгий сумын нутаг дэвсгэрт дахин өвчний тохиолдол бүртгэгдэхгүй бол Өлгий сум, Бугат сумын төв 3, 5 дугаар багт хөл хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлэх байр суурьтай байна” гэв.
Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар өвчний гарал үүсэл, халдвар тархах эрсдэл, цаашид авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх болон хяналтын арга хэмжээний талаар мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *