Мал, амьтны гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчинтэй холбогдуулан Ховд аймгийн төрийн байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудыг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллуулахаар тус аймгийн Онцгой комисс шийдвэрлэлээ.


Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээллийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газар өглөө. Өнөөдрийн /2026.06.08/ байдлаар өвчилсөн болон өвчний шинж тэмдэг илэрсэн малын тоо 464 болсон байна. Булганд 207, Үенчид 257 мал шүлхийтээд байгаа аж. Үүнээс 355 малыг /Булган-98, Үенч-257/ устгажээ. Үенч суманд нэмж мал өвчлөөгүй байна. Эдгээр суманд өвчний нийт есөн голомт үүсжээ. Энд 52 өрх байна.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат малын гоц халдварт шүлхий өвчний
улмаас малаа устгуулсан малчдад нөхөн төлбөр олгох талаар хэвлэлд мэдээлэл өгсөн байна.
“САТ-1” хэвшлийн гэж оношлогдсон шүлхийг одоогоор эмчлэх боломжгүй. Урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Тиймээс малчид иргэд та бүхэн хорио цээрийн дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас уриаллаа.
