Дэлхийд Ихбогдоос өөр газарт байхгүй ортууз олж, шинжлэх ухаанд бүртгүүллээ


Баянхонгор аймгийн Богд сумын, Ихбогд уулнаас Ихбогдын ортууз (𝙊𝙭𝙮𝙩𝙧𝙤𝙥𝙞𝙨 𝙞𝙠𝙝𝙗𝙤𝙜𝙙𝙞𝙘𝙪𝙨 Munkht., Baasanm. & H.J.Choi) хэмээх шинэ зүйлийн ургамлыг Монголын судлаачид олж, шинжлэх ухаанд бүртгүүллээ. Энэ нээлтийг Өмнөд Солонгос улсын Чанвон үндэсний их сургуулийн багш, доктор Ш.Баасанмөнхийн судалгааны баг, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш нартай хамтран хийжээ.

Дэлхий даяар ойролцоогоор 600 орчим зүйлийн ортууз бий. Үүнээс Монгол Улсад 100 гаруй зүйл тархсан байдаг. Ихбогдын ортуузыг (𝙊𝙭𝙮𝙩𝙧𝙤𝙥𝙞𝙨 𝙞𝙠𝙝𝙗𝙤𝙜𝙙𝙞𝙘𝙪𝙨) илрүүлэхдээ хлоропластын геномын дараалалд суурилсан, филогенетикийн шинжилгээ болон морфологийн шинж тэмдгүүдийг хамтад нь судалжээ.

Ортуузын төрлийн олон зүйл нь өндөр ууланд ургадаг. Төв Азийг төрөл зүйлийн олон янз байдлын төв (ойролцоогоор 155–170 зүйл ургадаг) гэж үздэг. Монголд тархсан ортуузын төрлийн 100 гаруй зүйлээс 4 зүйл нь эндемик буюу зөвхөн тухайн бүс нутагтаа л ургадаг. Их Богдын ортууз ч мөн Монгол орны унаган, өөр хаана ч байхгүй шинэ зүйл ажээ.

Ихбогдын ортууз богино иштэй, цагаан шаргал өнгийн цэцэгтэй, энгийн налчгар үсэрхэг шинжээрээ бусад зүйлүүдээс онцгой ялгарна. Газарзүйн тархалтын хувьд Алтайн нуруунд эндемик тархалттай бол түүний ойрын төрөл зүйлүүд нь Тянь Шань болон Чинхай–Төвдийн өндөрлөгт тархдаг байна. Энэхүү шинэ зүйлийг мөнх цаст Ихбогд уулын нэрээр нэрлэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *