Шүлхий өвчний САТ1 хэвшлийн вакциныг өнөөдрөөс Ховд аймгийн 9 сумын малд тарьж эхэллээ. Алтай, Булган, Үенч сум болон зэргэлдээх 6 сумын үхэр, бог малд уг вакциныг хамгийн түрүүнд хийж байна.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн лавлагаа лаборатори, БНХАУ-ын Ланьжоу дахь малын эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтран гаргаж авсан САТ1 хэвшлийн шүлхийн 1 сая 650 мянган тун вакциныг манай улс Хятадаас худалдан авсан юм. 6-р сарын 22-нд уг вакциныг Замын-Үүд боомтоор оруулж ирэн, Улаанбаатарт авчирч, шөнөдөө Баян-Өлгий, Ховд аймаг руу ачуулсан байна. Маргаашнаас Баян-Өлгий аймгийн шүлхийтэй болон зэргэлдээх сумдын малд хийнэ.
