Донбасыг эзлэхэд чухалд тооцож буй Костянтинивка хотын төлөөх тулаан ширүүсч байна


Оросын арми Украины зүүн хэсгийн Донецк мужийн Костянтинивка хот руу довтолгоогоо эрчимжүүлж, хотын зах руу бага багаар нэвтэрч эхэлсэн талаар Украины цэргийн командлал мэдээллээ. Энэхүү хот нь Украины Донбас дахь хамгаалалтын гол шугам болох “цайзын бүс”-ийн хамгийн чухал зангилааны нэг бөгөөд Оросын хувьд Донецк мужийг бүрэн хяналтдаа авах стратегийн зорилгод гол түлхүүр гэж үзэж байна.

Костянтинивка нь өмнө нь 70 мянга орчим хүн амтай байсан бол тасралтгүй бөмбөгдөлт, байлдааны улмаас одоо ердөө 2,000 орчим оршин суугч үлджээ. Хот руу чиглэсэн замууд дрон, их буу, удирдлагатай бөмбөгийн бай болж, хүнс, сум хэрэгслийг хүргэх ажиллагаа улам хүндрээд байна. Украины тал дунд тусгалын дронуудаар Оросын хангалтын шугамд цохилт өгч байгаа ч энэ нь довтолгоог зогсоох хэмжээнд хүрээгүй гэж шинжээчид дүгнэжээ.

Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Оросын хүчний давшилт удаан боловч тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд хотыг хоёр талаас нь бүслэх тактик хэрэглэж байна. Хэрэв Костянтинивка унавал дараагийн хамгаалалтын томоохон төвүүд болох Словянск болон Краматорск хотуудад шууд дарамт нэмэгдэж, Украины Донбас дахь хамгаалалт ихээхэн суларч болзошгүй гэж үзэж байна. Гэхдээ одоогоор Украины цэргүүд хотыг хамгаалсаар байгаа бөгөөд ойрын хугацаанд Оросын тал хурдан ахиц гаргах боломж хязгаарлагдмал хэвээр байгааг зарим шинжээч онцолж байна.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *