Перугийн төв хэсгийн уулархаг бүсэд долдугаар сарын 18-ны шөнө дараалан болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас дор хаяж зургаан хүн амиа алдаж, 21 хүн бэртжээ. Энэ тухай тус улсын Иргэний хамгаалалтын үндэсний хүрээлэнгийн дарга Луис Васкес мэдэгдсэн байна.
Перугийн Үндэсний газар хөдлөл судлалын төвийн мэдээлснээр, эхний газар хөдлөлт 5.1 магнитудын хүчтэй бөгөөд 24 км-ийн гүнд, хоёр дахь нь 3.7 магнитудын хүчтэй, 18 км-ийн гүнд болсон байна. Газар хөдлөлтүүд нийслэл Лима хотоос зүүн тийш 300 орчим км-ийн зайд орших Жунин мужийн Чупака мужид болсон юм. Харин Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төв эхний чичирхийллийг 5.6 магнитуд гэж үнэлжээ.
Reuters агентлагийн авсан дүрсүүдэд Чупакагийн суурин газруудад олон арван байшин бүрэн нурж, тосгоны гудамжууд нурангид дарагдсан байдал харагдсан байна. Урьдчилсан байдлаар 48 байшин бүрэн сүйдэж, 18 байшин гэмтсэн бөгөөд ойролцоогоор 300 иргэн орон гэргүй болж, тэднийг майхан, түр хоргодох байраар хангаж эхэлжээ.
Аврах алба, гал сөнөөгчид ослын бүсэд ням гарагийн өглөө эрт хүрч, нурангийг цэвэрлэн, нэмэлт хохирогч байгаа эсэхийг тогтоохоор эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Эрх баригчид нуранги дор хүн үлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа тул аврах ажиллагаа өндөржүүлсэн бэлэн байдалд үргэлжилж байна.
Перу улс дэлхийн газар хөдлөлтийн идэвхийн 85 орчим хувь нь бүртгэгддэг Номхон далайн “Галт цагариг” бүсэд оршдог учраас хүчтэй газар хөдлөлтүүд байнга тохиолддог юм.
