Калифорнийн далайн эрэгт живсэн хүүг аврагч аварчээ


АНУ-ын Калифорни мужийн Санта-Круз хотын Seabright State Beach далайн эрэгт долдугаар сарын 25-нд хүчтэй давалгаанд урсан живэх аюулд орсон бяцхан хүүг аврагч зоригтойгоор аварсан үйл явдал дүрс бичлэгт үлджээ.

Бичлэгт өсвөр насны аврагч хүүг тэвэрч, эрэг рүү чиглэн сэлэх үед хүчтэй давалгаанууд тэднийг удаа дараа унагаж, далай руу буцаан татаж байгаа нь харагдана. Хэсэг хугацааны дараа өөр нэг аврагч тусламжид ирж, хамтран ажилласны эцэст хүүг эсэн мэнд эрэг дээр гаргаж чаджээ.

Калифорнийн Мужийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрын мэдээлснээр, аврагдсан хүү ноцтой гэмтэл аваагүй бөгөөд эмнэлгийн анхан шатны үзлэгийн дараа эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Тус аврах ажиллагаа нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Санта-Крузын аврагчдын хийсэн нийт 34 аврах ажиллагааны нэг байжээ. Харин албаныхан баатарлаг үйлдэл гаргасан аврагчийг хэвлэлд ярилцлага өгөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Ройтерс


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *