Австралид H5N1 шувууны томууны вирусын улмаас зэрлэг далайн шувууд олноороо хорогдсон анхны тохиолдол албан ёсоор батлагдлаа. Өмнөд Австралийн Кейп Жаффагийн ойролцоох Баудин Рокс аралд ойролцоогоор 50 их сүлдт өрөвтас (greater crested tern) үхсэн байх нь илэрсэн бөгөөд шинжилгээгээр үхсэн 49, өвчтэй 35 шувуунаас H5N1 вирус илэрчээ.
Австралийн Хөдөө аж ахуйн сайд Жули Коллинс цаашид вирус зэрлэг амьтдын дунд улам өргөн тархаж, үүнтэй төстэй олноор хорогдох тохиолдлууд нэмэгдэхийг анхааруулсан байна. Одоогоор тус улсад зэрлэг амьтдын дунд H5N1-ийн батлагдсан 74 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд ихэнх нь Өмнөд Австралид илэрчээ. Харин шувууны аж ахуйнуудад халдвар илрээгүй хэвээр байгаа тул биоаюулгүй байдлын хатуу арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар H5N1 вирус нүүдлийн шувуудаар дамжин Австралийн бусад бүс нутагт тархах эрсдэл өндөр байгаа бөгөөд Виктория мужид мөн далайн шувууд олноор хорогдсон сэжигтэй тохиолдлууд бүртгэгдээд байна.
Дэлхий даяар H5N1 вирус сүүлийн жилүүдэд хэдэн зуун сая шувуу, хөхтөн амьтны үхэлд хүргэж, шувууны аж ахуйд олон тэрбум ам.долларын хохирол учруулсан. Хүн халдвар авах боломжтой ч ихэвчлэн өвчтэй амьтантай ойр харьцсан үед тохиолддог бөгөөд хүнээс хүнд тогтвортой халдварлах нотолгоо одоогоор байхгүй гэж албаныхан мэдээлжээ.
