Японы нийслэл Токио хотын Тама амьтны хүрээлэн өнгөрсөн долоо хоногт гурван эм арслан халуунд цохиулсны улмаас үхсэн байж болзошгүй талаар мэдээллээ. Энэ нь тус хүрээлэн 62 жилийн түүхэндээ арслангуудаа хэт халалтаас болж алдсан анхны тохиолдол болж байна.
Үхсэн арслангууд нь 3, 11, 15 настай бөгөөд бүгд Тама амьтны хүрээлэнд төрж өссөн байжээ. Задлан шинжилгээгээр тэдний биед хүнд хэлбэрийн шингэний дутагдал болон олон эрхтний үйл ажиллагааны дутагдал илэрсэн ч үхлийн шалтгааныг эцэслэн тогтоохоор шалгалт үргэлжилж байна.
Тус хүрээлэнгийн мэдээлснээр, долдугаар сарын дунд үеэс Токиод агаарын температур огцом нэмэгдсэний дараа 16 арслангийн ихэнх нь хоолондоо дургүй болж, сульдан эмчилгээ шаардлагатай болсон байна. Зарим нь эмчилгээний үр дүнд сэргэж байсан бол бусдын биеийн байдал муудаж, босож чадахгүй болох, ухаан алдах зэрэг хүнд шинж тэмдэг илэрчээ.
Үүнтэй холбоотойгоор амьтны хүрээлэн долдугаар сарын 23-наас эхлэн арслангийн үзүүлэнг олон нийтэд түр хааж, ус шүрших, судсаар шингэн болон эм хийх зэрэг эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж.
Арслан нь Сахарын өмнөд Африкийн хуурай, халуун бүсэд амьдардаг ч Токиогийн өндөр чийгшилтэй халуун уур амьсгал нь биеийн дулаанаа зохицуулах чадварыг нь эрс бууруулдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Долдугаар сарын дунд, сүүлчээр Токио орчимд агаарын температур 39 хэмд хүрч, хэт халалтын сэрэмжлүүлэг хэд хэдэн удаа гарсан байна.
Эх сурвалж: Reuters
