9-р ангийн сурагч 3 багш, 3 сурагчийг буудан хөнөөжээ


Тайланд улсын Бангкок хотын баруун хойд захад орших “Debsirin Nonthaburi” сургуульд 7 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан хэрэг өнөө өглөө гарлаа. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр ийм хэрэг үйлдсэн этгээд нь тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч байжээ.
Тэр сургуульдаа ирэхээсээ өмнө өвөө, эмээгээ буудан хөнөөсөн гэж Бангкокийн Цагдаагийн газар үзэж байна.


Уг сурагч сургууль дээр 3 багш, 3 сурагчийг буудан хөнөөж, 15 хүн шархдуулаад өөрийгөө буудан, амиа хорложээ. Шархадсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа тухай “Reuters” агентлаг мэдээллээ. 

Энэ хэрэг хичээлийн цагаар гарсан тул сурагчид ангиасаа зугтаж, зарим нь ширээн доогуур нуугдан, багш нар хүүхдүүдийг аюулгүй газарт гаргахыг оролдсон байна.

Тус халдлагын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Тайландын цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 2026 он гарснаас хойш тус улсын сургуульд буун дуу гарсан 2 дахь хэрэг боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *