Сар 2026.08.12-нд Дэлхий болон Нарны хооронд орж, Нар бүтэн хиртэнэ. Бүтэн хиртэлт гэдэг нь Нарны харагдах хэсгийг Сар бүхэлд нь халхалж, хэдхэн минутын турш тэнгэр харанхуй болох үзэгдэл юм. Энэ үед Нарны гаднах маш бүдэг атмосфер болох корона нүдэнд харагдах боломжтой болдог. Энэ хиртэлтийн зурвас бөмбөрцгийн хойд хэсгээр дайран өнгөрнө. Гол зам Оросын хойд хэсэг, Гренланд, Исланд, Атлантын далай, Испанийн хойд хэсэг, Португалийн маш бага хэсгийг хамарна.
Үүнийг хамгийн сайн үзэх газруудын нэг нь Испани. Испанийн хувьд нэг онцлог нь Нар жаргахын өмнөхөн хиртэх тул тэнгэрийн хаяанд маш гайхалтай дүр зураг үүсэх боломжтой.
Их Британи, Франц, Герман, Итали, Норвеги зэрэг олон улс бүтэн биш, хэсэгчилсэн хиртэлт харна. Жишээлбэл: Лондонд 91%, Парист 92%, Миланд 92%, Мадридад 99%, Лиссабонд 95% харагдана. Мадридын хувьд 99% хүртэл халхлагдах боловч 99% гэдэг нь бүтэн хиртэлт биш. Ердөө 1%-ийн Нар үлдсэн ч нүдэнд маш аюултай хэвээр.
Улаанбаатараас бүтэн нар хиртэлт харагдахгүй. Ихэнх газар 2 минутаас бага хугацаанд Нар бүрэн халхлагдана. Харин хиртэлтийн хамгийн төв хэсэгт ойролцоогоор 2 минут 30 секунд хүрэхгүй үргэлжилнэ.
Гэхдээ хэсэгчилсэн хиртэлт эхлэхээс дуусах хүртэл хэдэн цаг үргэлжилнэ. НАСА WB-57 судалгааны онгоц ашиглан, хиртэлтийн үеэр Нарны титмийг ажиглахаар төлөвлөжээ. Исланд, Испани улсын судалгааны багууд агаар мандлын өөрчлөлтийг хэмжих зориулалттай олон тооны бөмбөлөг хөөргөнө. Учир нь Нар гэнэт халхлагдахад газрын ойролцоох агаар мандлын температур, хөдөлгөөн өөрчлөгддөг.
8-р сарын 12-ны шөнө Персейдийн солирын бороо оргил үедээ орж байх болно. Энэ бол байгалийн маш ховорхон давхцах үзэгдэл. Харанхуй тэнгэрт солирын бороо маш сайн харагдана.
