Олон хүн Нар хиртэхийг харахын тулд онгоцонд суужээ


Испани улсад энэ удаагийн Нар хиртэлт онцгой байв. Тус улсаас энэ үзэгдэл хамгийн тод харагдсан. Гэвч Нар жаргахын өмнөхөн уг үзэгдэл тохиосон учраас Нар тэнгэрийн хаяанд маш нам доор байрлаж байв. Ядах нь, үүл гарвал яах вэ. Тэнгэр бүрхвэл юу ч харагдахгүй. Тиймээс хүмүүс уг үзэгдлийг алдалгүй харах арга бодож олсон байна.

Тэр нь онгоц. Газарт нэг цэгт зогсохын оронд онгоцонд сууж, үүлэн дээрээс тус үзэгдлийг харах аргыг олон хүн сонгожээ. Испани улсын агаарын тээврийн “Ибэриа” компани ийм хүмүүст зориулан, тусгай нислэг зохион байгуулав. Уг онгоцонд суусан зорчигчдын цөөнгүй нь судлаач байв. Тэд Нар хиртэх үед агаар мандалд болох үзэгдлийг ажиглажээ.

Тус улсын Одон орон судлалын хүрээлэнгийн мэдээллээр бүтэн хиртэлтийн зурвас Испанийн хойд хэсгээр баруунаас зүүн тийш дайран өнгөрчээ.

Онгоц газраас 10–12 км өндөрт гарч, үүлэн дээр ниснэ. Бас онгоц хөдөлж байгаа учраас хиртэлтийн сүүдрийн араас тодорхой хэмжээгээр хөөцөлдөж болно.

Сонирхолтой нь газраас харах нь бүх талаараа муу гэсэн үг биш. Онгоцны цонхоор зөвхөн нэг чиглэлд харах боломжтой. Харин газарт байгаа хүн бүтэн хиртэлтийн үед тэнгэр бүхэлдээ харанхуй болох, 360° орчимд Нар жаргаж байгаа мэт гэрлийн цагираг үүсэх, од, гарагс тодрох, шувуудын зан байдал өөрчлөгдөх, агаарын температур буурах зэрэг өргөн хүрээний үзэгдлийг мэдэрч чадна.

Испанид олон хүн гэнэт харанхуй болох мөчийг “Хамгийн гайхалтай хэсэг” гэж онцолжээ. Энэ нь Испанид 1912 оноос хойш анх удаа Нар бүтэн хиртэж байгаа үзэгдэл юм. 100 гаруй жилийн дараа тохиосон маш ховор үзэгдэл.

8-р сарын 12-нд Испанид хэдэн сая хүн үүнийг ажиглав. Хэдэн зуун мянган жуулчин тусгайлан энэ үзэгдлийг үзэхээр тус улсад ирсэн байна. Испанийн эрх баригчид асар олон хүн, автомашин, нислэг, гал түймрийн эрсдэлийг зохицуулахын тулд 25,000 цагдаа ажиллуулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *