Украины дроны халдлагад Оросын нефть-химийн цогцолбор өртжээ


Украины алсын тусгалт дронууд наймдугаар сарын 13-ны шөнө ОХУ-ын Башкортостаны Бүгд Найрамдах Улсын Салават хотын аж үйлдвэрийн бүсэд халдсан тухай AP агентлаг мэдээллээ. Салават хот Москвагаас зүүн өмнө зүгт 1,300 орчим километрийн зайд, Украины хилээс 1,000 гаруй километрийн цаана оршдог.

Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр халдлагын гол бай нь “Газпром нефтехим Салават” нефть боловсруулах, нефть-химийн томоохон цогцолбор байжээ. Тус үйлдвэр бензин, дизель түлш болон нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилд 74 сая баррель хүртэлх түүхий нефть боловсруулах хүчин чадалтай байна.

Башкортостаны захирагч Радий Хабировын мэдээлснээр халдлагын дараа Салаватын аж үйлдвэрийн бүсэд гал гарч, энгийн 2 иргэн шархадсан байна. Оросын тал ямар байгууламж шууд цохилтод өртсөнийг нарийвчлан мэдээлээгүй бол Украины тал нефть боловсруулах цогцолбор өртсөн гэж мэдэгджээ.

Мөн ОХУ-ын томоохон онлайн худалдааны компани “Wildberries”-ийн ойролцоох байгууламжид гал гарсан байна. Компанийн мэдээлснээр ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тухайн байгууламжид бараа хадгалаагүй байжээ.

Салаватын халдлага нь Украины дроны ажиллагаа ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд хүрч байгааг харуулсан үйл явдал боллоо. Киев сүүлийн үед Оросын нефть боловсруулах үйлдвэр, түлшний агуулах, логистикийн байгууламжуудыг онилох замаар Москвагийн түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлтэд дарамт үзүүлэхийг зорьж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар нефть боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдвол Оросын дотоодын бензин, дизель түлшний нийлүүлэлтэд дарамт нэмэгдэж, улмаар шатахууны үнэ болон тээвэр, логистикийн зардалд нөлөөлөх эрсдэлтэй. Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын нефтийн салбарын байгууламжууд дараалан халдлагад өртөж байгаа бөгөөд Салаватын цохилт нь Украины алсын тусгалт дроны кампанит ажлын цар хүрээ улам өргөжиж байгааг харуулсан томоохон үйл явдлын нэг болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *