Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд үлэг гүрвэлтэй ойрын төрөл болох нисдэг хэвлээр явагч птерозаврт зориулсан дэлхийн анхны музей ням гарагт нээлтээ хийжээ.
Хами хотын птерозаврын музей нь птерозаврын олдвор ихээр илэрдэг үндэсний геопаркт байрладаг бөгөөд 4600 орчим ам метр талбайтай зургаан зууван хэлбэрийн танхимаас бүрджээ. Дээрээс харахад музейн барилга нь цөлд байрлуулсан птерозаврын өндөгнүүдийн үүр мэт харагддаг байна.
Музейд Хятадын Шинжлэх ухааны академийн Сээр нуруутны палеонтологи, палеоантропологийн хүрээлэнгийн судлаачдын 20 гаруй жилийн хугацаанд хийсэн авран хамгаалах малтлагаар олсон олдворуудыг дэлгэн үзүүлжээ. Үүнд дэлхийн анхны гурван хэмжээст байдлаар хадгалагдсан чулуужсан птерозаврын өндөг, үр хөврөл, мөн өмнө нь олон нийтэд үзүүлж байгаагүй том хэмжээний птерозаврын олдворууд багтсан байна.
Эдгээр олдворыг анх удаа нэг дор дэлгэн үзүүлж байгаа бөгөөд музейд 130 орчим сая жилийн өмнөх Цэрдийн галавын үед птерозавруудын амьдрал, хувьслын түүхийг цогцоор нь харуулжээ.
