Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хороолол барьж байгаа хэмээн иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан Д гэгч этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлж, үйлдлийг нь таслан зогсоолоо. Түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Тэр Эрүүгийн хуулийн 17.3.3.3.1-д заасан “Залилах гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдан шалгуулж байхдаа оргон зайлсан аж. Энэ этгээд “Хаус ментор”, “Арвижих грийн виллаж”, “Сүмбэр хаус капитал” зэрэг цахим хуудас нээн хөгжүүлж, түүндээс хаус хорооллын төслийн зураг, видео шторк зэрэг танилцуулга оруулан, иргэдэд үзүүлж, үнэмшүүлдэг байжээ. Уг танилцуулгаа хиймэл оюунаар бүтээдэг байсан аж.
Тэр нийт 11 хүнээс хаусны урьдчилгаа болгож, нийт 500 сая төгрөг авсныг Мөрдөн шалгах алба тогтоогоод байна. Өөр 120 хүнээс 3.6 тэрбум төгрөг авахаар орон сууцны гэрээ бэлтгэсэн байжээ. Түүнийг Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтэс илрүүлэн, баривчилсан байна. Түүнийг ШШГЕГ-ын Цагдан хорих төвд цагдан хориод байна.
