Х.Бадамгэрэл: Хятад миссийг Монголын нэрийг ашиглахыг зогсоолгохоор Тайланд руу албан шаардлага хүргүүлсэн байна


Тайланд улсад болж буй “Мисс гранд интернэшл” тэмцээнд Хятад улсаас оролцож буй эмэгтэй Монгол Улсын нэрийг зөвшөөрөлгүйээр ашиглаж байна. Уг тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг Монгол Улсаас оролцогч хэмээн бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” гэсэн нэр бичсэн тууз зүүлгэн, оролцуулж байгаа юм. Энэ асуудлаар топ модель Х.Бадамгэрэл өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай уулзав. Түүнээс уг уулзалт, үр дүнгийн талаар тодрууллаа.

Топ модель Х.Бадамгэрэл:

-Монгол Улсын далбаа, бэлгэ тэмдгийг ашиглах, Монгол Улсыг төлөөлөх эрх тэр эмэгтэйд байгаа юу? Үндсэн хуульд Монголын төрийн далбаа, бэлгэ тэмдгийг хэрхэн ашиглах талаар маш тодорхой заасан байдаг.

Ямар ч байсан сайд маш мэдээлэл сайтайгаар төрийн сувгуудаар Тайланд улс руу албан шаардлага хүргүүлсэн гэдгээ хэлсэн. Надтай Тайландад суугаа ЭСЯ холбогдсон. Энэ тэмцээний талаар маш удаан ярилцаж, мэдээлэл өгсөн. ЭСЯ маань анхаарал тавьж байна.

Сая бас үндсэн зохион байгуулагчтай нь холбогдсон.” “Өчигдөр утсаа авахгүй байсан бол өнөөдөр авлаа” гээд ярьж байна. Энэ бол зөвхөн нэг тэмцээн, нэг миссийн тухай асуудал биш. Тусгаар тогтносон Монгол Улсын асуудал.

Screenshot

–Сайдтай уулзахаасөө өмнө та бүхэн өөрсдөө ямар нэг арга хэмжээ авсан уу?

-Би өчигдөр 12:55 цагт зохион байгуулагчид нь албан мэйл явуулсан. Ямар нэг хариу ирээгүй байна. Яам, төрийн байгууллагууд бас албан бичиг явуулсан юм байна. Одоогоор хариу ирээгүй байгаа юм байна. Тэмцээн эхэлчихсэн байгаа. Тэмцээн дор хаяж 20 хоног үргэлжилнэ. 20 хоногийн турш Монголын нэрийг ашиглаад байх уу? Тэгэхээр үүнийг зогсоох ёстой.

Энэ бол Монгол Улс өөрийнхөө тусгаар тогтнолын асуудалд анхаарал хандуулж байгаа хэрэг. Манайх өдөр бүр шаардлага хүргүүлэх хэрэгтэй болж байна.

-Энэ хэр том тэмцээн бэ?

-Дэлхий дээр миссийн 4 том тэмцээн байдаг. “Miss universe” 1-рт байдаг. “Miss World” 2-рт, ” Miss international” 3-рт, “Miss Earth” 4-рт байдаг. Заримдаа “Miss supranational”, “Miss grand international” гэдэг тэмцээн сүүлийн 5-6 жилд болж байна.

Эдгээрийг оролцогч орны тоогоор эрэмбэлдэг. 70, түүнээс дээш улсын оролцогч оролцож байгаа бол маш том тэмцээн гэж үздэг. Нөгөө талаас жил бүр төлдөг, 5000-20.000 ам.долларын маш өндөр хураамжтай байдаг. Монголд тэмцээн зохион байгуулаад, гадаад руу энэ тэмцээнүүдэд миссээ явуулж байгаа бүх зохион байгуулагч тэр төлбөрийг төлдөг. Энэ төлбөр нь эргээд Монгол Улсад уг тэмцээний франчайз эрхийг олгох үндэслэл болдог.

“Miss grand international” тэмцээний Монгол дахь эрхийг эзэмшигч миний санаж байгаагаар сүүлийн 7-8 жилд байгаагүй. Тиймээс бид энэ тэмцээнд хүн явуулаагүй.

Бид хүн явуулаагүй байхад гадаадын иргэн Монголын нэрийг ашиглаж байгаа нь бидний хөндөх ёстой зүйл. Энэ чинь манай улсын эрх чөлөөнд халдаж байгаа зүйл.

-Ийм асуудал өмнө нь гарч байсан уу?

-Ийм үйл явдал 2 дахь удаагаа болж байгаа.

-2022 онд?

-Та нар санаж байна. 2022 онд ОХУ-ын иргэншилтэй якут бүсгүй “Мисс гранд интернэшнл” тэмцээнд Монголын гранд мисс гэдэг статустайгаар оролцсон. Салбарынхан тухайн үед шүүмжлэлтэй хандсан ч өнөөдрийнх шиг өндөр аваагүй. Тэр нь ингэж болно гэсэн сэжүүр болсон байх.

Энэ бол нэг эмэгтэйтэй холбоотой асуудал биш. Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Гадаад улсын иргэн Монгол Улсын нэрийг бичсэн тууз зүүгээд, ямар ч тэмцээнд оролцох эрхгүй. Монгол гэсэн тууз зүүсэн оролцогчийг зогсоох ёстой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *