НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмж даваа гарагт өндөрлөлөө.
Ерөнхий Ассамблейн дарга Халилур Рахман хаалтын үеэр хэлэхдээ, энэ удаагийн санал шүүмжид 194 төлөөлөгч оролцсоноос 113 нь төр, засгийн тэргүүн, нэг нь угсаа залгамжлагч ханхүү, 11 нь дэд ерөнхийлөгч, долоо нь шадар сайд, 48 нь сайд байсныг мэдээлэв.
Тус хэлэлцүүлгээр энх тайван, хөгжил, хүний эрх, НҮБ-ын шинэчлэл болон дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцжээ. Өмнөх чуулгануудад хэлэлцүүлгийн захад байсан хиймэл оюун энэ жилийн хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг болсон байна.
Энэ жилийн Ерөнхий санал шүүмжийн “Итгэлцлийг сэргээх” уриа олон орны илтгэлд өргөн хүрээнд туссаныг Халилур Рахман онцолжээ.
Тэрбээр энх тайвнаас татгалзахгүй байх, тогтвортой хөгжлийг хангах, хүний эрхийн зарчмыг ялгаварлалгүй хамгаалах, технологийн өөрчлөлтийг хүн төрөлхтний төлөө чиглүүлэх, НҮБ-ын шинэчлэлийг бодитой, төлөөллийн шинжтэй, шударга болгох, улмаар хүн бүрт үйлчилдэг НҮБ-ыг сэргээн байгуулж итгэлцлийг эргүүлэн бий болгохыг уриалсан байна.
