Хятад улс дотоодын шатахууны нөөцөө нэмэх зорилгоор 10 дугаар сард Хонконг, Макаогоос бусад чиглэлд газрын тосны бүтээгдэхүүн экспортлохыг түр зогсоолоо. Бээжин экспортын зөвшөөрлийг хэзээ сэргээх нь одоогоор тодорхойгүй байна. 10 дугаар сарын 7-нд долоо хоногийн амралт дууссаны дараа дотоодын шатахууны нөөц, боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэх хүчин чадлаас хамаарна гэж мэдээлсэн талаар Reuters мэдээлэв.
Үүний улмаас дизель түлш, бензин, онгоцны түлшний нийлүүлэлт хумигдаж, Азийн зах зээлд шатахууны хомсдол нэмэгдэх эрсдэлтэй байна. Хятадын төрийн өмчит PetroChina компани 10 дугаар сард хийхээр төлөвлөсөн бензин болон онгоцны түлшний хэд хэдэн ачилтаа цуцалжээ.
Хятад улс есдүгээр сард ойролцоогоор 1.4 сая тонн дизель түлш, 500 мянган тонн бензин, 2 сая гаруй тонн онгоцны түлш экспортолсон байна. Сингапур, Малайз, Австрали, Вьетнам, Бангладеш, Филиппин зэрэг улс Хятадын шатахууны гол худалдан авагчдын тоонд багтдаг.
Дэлхийн шатахууны зах зээл Ойрх Дорнодын нийлүүлэлтийн тасалдал болон Оросын боловсруулах үйлдвэрлэлийн бууралтаас шалтгаалан аль хэдийн дарамтад орсон энэ үед Хятадын экспортын хязгаарлалт Азийн түлшний нийлүүлэлтийг улам чангаруулж болзошгүй байна.
