Зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх зөрчил 27 гараад байна


Зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд 2025-2026 онд бүртгэгдсэн зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх зөрчлийг Улсын прокурорын ерөнхий газар судалжээ. Ийм 53 зөрчилд шийтгэл оногдуулсан байв. Үүний 26 нь 2025 онд гарчээ. Үүнд 24 хүн, 2 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ. 2026 оны эхний 9 сард ийм 27 зөрчил гарчээ. Үүнд холбоотой 21 хүн, 6 хуулийн этгээдэд шийтгэл оноожээ.

Зөрчлийн 78 хувь нь нийслэлд, 22 хувь нь орон нутагт гарсан байна. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, хуулбарлаж өгсөн зөрчил 2025 онд 5 гарсан бол энэ оны эхний 9 сард 10 үйлдэгдсэн байв.  

Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн зөрчил 2025 онд 11, энэ оны эхний 9 сард 17 гарч, 54 хувиар өссөн байна.

Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн 9 зөрчилд хариуцлага тооцжээ. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байрлуулж, бичлэг хийсэн 1 зөрчилд шийтгэл оноожээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дуу болон дүрс бичлэг хийх нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Иргэн бүр өөрийн дүр төрх, дуу хоолой, хувийн нууцаа хамгаалуулах эрхтэй. Тиймээс тухайн хүний зөвшөөрөлгүйгээр зураг, бичлэг хийж, түгээхийг хуулиар хориглодог.

Хуульд зааснаар “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэдгийг ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалттай үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөөг хэлдэг.

Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх

1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, эсхүл хуулбарлаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *