Ойролцоогоор 67 сая жилийн өмнө амьдарч байсан Нанотираннус үлэггүрвэлийн араг ясыг АНУ-ын Нью-Йорк дахь “Sotheby’s” дуудлага худалдаагаар 6-9 сая ам.доллароор худалдахаар болжээ. “Жоди” хэмээн нэрлэсэн уг олдворыг аравдугаар сарын 27-нд дуудлага худалдаанд оруулахын өмнө мягмар гарагт олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.
Нанотираннусыг олон арван жилийн турш Тираннозавр рекс (T. rex) үлэггүрвэлийн залуу бодгаль гэж үзэж ирсэн ч өнгөрсөн оны намар нийтэлсэн судалгаагаар бие даасан төрөл болохыг тогтоосон гэж” Sotheby’s” мэдээлжээ. Дуудлага худалдааны газрын шинжлэх ухаан, байгалийн түүхийн салбар хариуцсан дэд ерөнхийлөгч Кассандра Хаттоны хэлснээр, Нанотираннус нь T. rex-тэй нэг цаг үед амьдарч байсан ч биеийн бүтэц, ан агнах арга барилаараа ялгаатай байв. Тэрбээр урт урд мөч, том сарвуу, нарийхан хөлтэй байсан нь илүү хурдан хөдөлж, олзоо барихад давуу талтай байсныг онцолжээ.
“Жоди” араг яс бараг зургаан метр урт, хоёр метр орчим өндөр бөгөөд чулуужсан ясны 191 орчим хэсгээс бүрджээ. Гавлын ясны 90 орчим хувь хадгалагдсан, мөн гарын дөрвөн сарвуу, эгэмний яс бүрэн үлдсэн нь уг үлэг гүрвэлийн онцлогийг судлахад чухал ач холбогдолтой аж.
Монтана мужийн ранч эзэмшигч Жоди Пирсон 2019 онд өөрийн эзэмшлийн газраас уг олдворыг илрүүлжээ. Sotheby’s-ийн мэдээлснээр, одоогоор Нанотираннусын ердөө гурван араг яс мэдэгдэж байгаагаас “Жоди” нь хадгалалт, бүрэн бүтэн байдлаараа хоёрдугаарт ордог байна. Дуудлага худалдаагаар олдворыг хуулбарлан бүтээх, хуулбарыг худалдах эрхийг хамтад нь шилжүүлэх аж.
