Дэлхийн орчин үеийн урлагийн томоохон үзэсгэлэнгийн нэг “Frieze London 2026” аравдугаар сарын 14-нд Лондон хотод нээлтээ хийлээ. Энэ жилийн үзэсгэлэнд 40 орчим улсын 170 гаруй галерей оролцож, уран бүтээлчдийн орчин үеийн бүтээлүүдийг толилуулж байна. Нээлтийн эхний зочдын дунд жүжигчин Эндрю Гарфилд байжээ.
Үзэсгэлэн Лондон хотын Режентс паркт аравдугаар сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд түүнтэй зэрэгцэн “Frieze Masters” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. 2003 онд анх эхэлсэн тус арга хэмжээ уран бүтээлчид, цуглуулагчид, урлаг судлаачид болон галерейн төлөөлөгчдийг нэг дор цуглуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хөтөлбөрт поп соёлын чиг хандлагыг судлах “The Code Universe”, залуу галерейнуудыг онцлох “Focus” зэрэг тусгай хэсэг багтжээ. Мөн уран бүтээлчдийг өөрсдийн салбарын нэр хүндтэй уран бүтээлчид сонгон танилцуулдаг “Artist-to-Artist” хэсэг бий. Энэ хэсэгт Пуэрто-Рикогийн уран бүтээлч Хорхе Гонсалес Сантосын бүтээлийг Колумбын Богота хотод төрсөн зураач Гала Поррас-Ким сонгожээ.
“Frieze”-ийн Европ, Ойрх Дорнод, Африкийн бүс хариуцсан захирал Эва Лангретын хэлснээр, үзэсгэлэн нь ирээдүйд олон улсын томоохон музейд бүтээлээ дэлгэх уран бүтээлчид болон шинээр гарч ирж буй галерейнуудыг таниулах чухал талбар юм.
“Art Basel” болон UBS-ийн гуравдугаар сард нийтэлсэн жилийн тайланд дурдсанаар, дэлхийн урлагийн зах зээлийн борлуулалт 2025 онд өмнөх оноос дөрвөн хувиар өсөж, 59.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь гурван жилийн бууралтын дараах өсөлт болсон байна.
