Их Британийн нийслэл Лондон хотын Темза мөрний эрэгт байрлах London Dungeon жуулчдын үзвэр Halloween буюу Сүнсний баярыг тохиолдуулан эртний Египетийн мумминаас сэдэвлэсэн “Муммигийн хараал” үзүүлбэрийг толилуулж байна. Аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх энэхүү үзүүлбэрээр зочид боолтод ороосон мумми, шашны эд зүйлс болон дүрд хувирсан жүжигчидтэй нүүр тулна.
Үзэгчдийг анивчсан гэрэлтэй, харанхуй өрөөнд оруулах бөгөөд жүжигчин Киаран Кохлан муммигийн дүрээр араас нь гэтэн гарч ирж, айдас төрүүлэх аж. Тэрээр өнгөрсөн жил тус үзвэрийн цус сорогчдын улирлын үеэр Дракулагийн дүр бүтээж байжээ.
London Dungeon нь Их Британийн түүхийн аймшигт үйл явдал, домгийг жүжигчдийн оролцоотойгоор амилуулдгаараа алдартай. Энэ удаагийн үзүүлбэрийн найруулагч Ричард Куинси Викторийн үеийн британичууд муммид ихэд татагдаж, тэдгээрийг идэх нь өвчин анагаах шидтэй гэж хүртэл итгэдэг байсныг онцолжээ.
Мөн муммигийн хараалтай холбоотой домог, тэр дундаа Британийн музейд хадгалдаг “азгүй мумми”-гийн самбар Титаник хөлөг живсэнтэй холбоотой гэх яриа тухайн үеийн хүмүүсийн айдас, мухар сүсгийг илтгэдэг байна.
Эх сурвалж: Reuters
