Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.
Уг төслийн хүрээнд Франц улс манай улсад гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 автомашин нийлүүлээд байна. Тэдгээр машиныг төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагад хуваарилан, ашиглаж байгаа аж. Мөн 21 аймгийн Онцгой байдлын газрууд автомеханик шаттай автомашинтай болжээ.

Үүний үр дүнд манай улсын гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувьд, үйлдвэрийн объектын буюу хөөс үүсгэгч бодисоор гал түймэр унтраах K440 VIM загварын машины хангалт 30.9 хувьд, өндрөөс аврах, гал түймэр унтраах автомеханик шаттай автомашины хангалт 83.3 хувьд хүрлээ.
Францаас авсан гал унтраах автомашинуудыг нийт 6681 түймэрт ашиглаж, 5108 хүний амь нас, эрүүл мэнд, 320 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.

