Перугийн Амазоны бүс нутагт цэнгэг усны мянга мянган яст мэлхийг байгальд нь буцаан тавьжээ. Энэ нь ховордож буй амьтдыг хамгаалах, тоо толгойг нь нэмэх зорилготой аж.
Перугийн засгийн газрын мэдээлснээр, тарикая, тепаро, чарапа төрлийн яст мэлхийг Лорето, Сан-Мартин мужийн Хуальяга, Укаяли голын сав газарт суллан тавьсан байна. Ажилд төрийн албан хаагчид, байгаль хамгаалагчид, сурагчид болон нутгийн иргэд оролцжээ.
Эдгээр яст мэлхий үрийг тарааж, үерт автдаг ой модны нөхөн сэргээлт болон экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэйг Перугийн засгийн газар онцолсон байна.
Олон улсын байгаль хамгаалах холбооны үнэлгээгээр тарикая яст мэлхий эмзэг ангилалд багтдаг бол чарапа яст мэлхийг хамгаалалтаас хамааралтай ангилалд бүртгэжээ.
