Европын 4 цагаан хирс Мексикийн амьтны хүрээлэнд “зочиллоо”


Европын 4 цагаан хирсийг 10 дугаар сарын 21-нд Мексикийн Гвадалахара хотын амьтны хүрээлэнд авчирлаа. Тэднийг ховордсон амьтдыг хамгаалах, өөр өөр тивд үржүүлэн өсгөх хөтөлбөрийн хүрээнд ийшээ шилжүүлсэн байна.

Салма, Моана, Лева, Вами нэртэй хирсийг 10 дугаар сарын 20-нд Парисын Шарль-де-Голлийн нисэх буудлаас Мексик рүү тээвэрлэжээ. Тэднийг олон нийтэд үзүүлэхээс өмнө хорио цээрт байлгах юм.

Таван настай Салма, есөн настай Моана нар Германы Серенгети паркаас, дөрвөн настай Лева Францын Сафари-де-Погрэс амьтны хүрээлэнгээс, 15 настай Вами Парисын амьтны хүрээлэнгээс иржээ. Амьтдыг нислэгт дасгахын тулд мэргэжилтнүүд хэдэн сарын турш бэлтгэл хийсэн байна.

Энэхүү шилжүүлэг нь Европын амьтны хүрээлэн, аквариумын холбооны байгалийн амьдрах орчноос гадуур амьтдыг хамгаалах хөтөлбөрийн нэг хэсэг юм. Хөтөлбөр нь амьтны хүрээлэнгүүдийг хамруулан, төрөл зүйлийг өөр өөр тивд хамгаалж, үржүүлэх зорилготой.

Олон улсын хирс хамгаалах сангийн мэдээллээр, дэлхийд 15,700 гаруй өмнөд цагаан хирс бий. Гэвч хууль бус агнуур тэдний амьд үлдэхэд тулгарч буй хамгийн том аюул хэвээр байна. Хирсний хууль бус агнуурын улмаас амь үрэгдсэн тоо 2015 оны оргил үеэс буурсан ч цагаан хирс хамгийн их өртөж буй зүйлүүдийн нэг хэвээр байгааг тус сан анхааруулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *