“ДЦС 4”-ийн хөрсний бохирдлыг судалж, биологийн бэлдмэл туршжээ


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран “Эрчим хүч, үйлдвэрлэлийн бүс орчмын хөрсний бохирдлыг бууруулах төсөл” хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд ДЦС-4 орчмын хөрсний эрүүл ахуйн бохирдлыг судалж, Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лабораторийн судлаачдын нутгийн цэвэр омгуудын шилмэл бичил биетээс гарган авсан “Био-Ариус” бэлдмэлийг туршив.

Судалгааны хүрээнд нийт 12 цэгээс дээж авч, хөрсний эрүүл ахуйн бохирдлыг E.coli titre (гэдэсний савханцар), Salmonella/Shigella (гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд), Clostridium perfringens (агааргүйтэн нян) гэсэн гурван үзүүлэлтээр MNS 3297:2019 “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” стандарттай харьцуулан “Био-Ариус” ашиглахын өмнөх болон дараах үр дүнг үнэлжээ.

“Био-Ариус” бэлдмэл хэрэглэхээс өмнө 12 цэгийн 8 нь их, 2 нь дунд, 2 нь бага бохирдолтой ангилалд байсан бол ариутгал хийсний дараа 3 цэг дунд, 7 цэг бага, 2 цэг цэвэр ангилалд шилжсэн байв. Үүний зэрэгцээ бүх цэгт бактерийн нийт тоо цөөрчээ. Түүнчлэн гэдэсний савханцар илэрсэн цэг 1 байсан бол 3, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд илэрсэн цэг 9 байсан бол 1 болжээ. Агааргүйтэн нян анх 11 цэгт байсан бол дараа нь 10 цэгт илэрсэн байна. Термофил бичил биетний тоо 10–100 дахин буурчээ.

Төслийн үр дүнд хөрс өтгөн, ялгадсаар бохирдсоныг савханцар, бичил биетнүүд мэдэгдэхүйц буурсан байна. Энэ нь “Био-Ариус” бэлдмэлд агуулагдах шивтэр, өтгөн, ялгадас задлагч бичил биетний нөлөөгөөр хөрсний эрүүл ахуйн бохирдлыг бууруулах, бохирдлын үзүүлэлтийг сайжруулах боломжтойг харуулжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *