Орос, Украины энхийн хэлэлцээг ирэх сард сэргээж магадгүй


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын зуучлалаар Украинтай хийх гурван талт энхийн хэлэлцээг арваннэгдүгээр сард сэргээхэд зарчмын хувьд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Кремлийн мэдээлснээр, Путин аравдугаар сарын 21-нд Санкт-Петербург хотод АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткоффтой уулзах үеэрээ энэ байр суурийг илэрхийлсэн байна.

ОХУ-ын тал хэлэлцээг дайны дараах Орос, Украины аюулгүй байдлын баталгаанд төвлөрүүлэх санал гаргажээ. Харин Украины Ерөнхийлөгч Зеленский гурван талын хэлэлцээг аль болох эрт, арваннэгдүгээр сарын эх гэхэд эхлүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр гал зогсоох, дайныг эцэслэх болон эрчим хүчний байгууламжуудад халдахгүй байх тохиролцоог хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Гэхдээ хэлэлцээ амжилтад хүрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. ОХУ Украины зүүн хэсгийн Донбассыг бүхэлд нь хяналтдаа авах шаардлага тавьж байгаа бол Киев газар нутгаа өгөхийг эрс эсэргүүцдэг. Талуудын байр суурийн зөрүү нь энхийн тохиролцоонд хүрэхэд тулгарч буй гол саадын нэг хэвээр байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *