Хар тамхи, мансууруулах бодис, эмтэй холбоотой доорх 6 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад, прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Прокурор эдгээр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүллээ. Үүнд:
- Д.С улсын нэгэн эмнэлэгт жижүүрийн сувилагчаар ажиллах байхдаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглаж, 2026.04.20-нд мансууруулах эм авч, хувьдаа завшсан хэрэгт холбогджээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.
- А.Л 2025.06.09-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор гадаадаас ирэхдээ метамфетамины агууламжтай, 993.7 грамм жинтэй, Монгол Улсад хэрэглэхийг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодис тээшиндээ хийж, улсын хилээр нэвтрүүлжээ. Түүний хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
- Н.А, Б.У, Б.Н нар бүлэглэн метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан байна. Тэд уг бодисоо бусдад худалдах зорилгогүй, өөрсдөө хэрэглэх гэж байсан гэж мэдүүлжээ. Тэдний хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлэв.
- А.Ш “speed альфа” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж аван, хадгалж байгаад, цагдаад баригджээ. Тэр уг бодисоо зарах гээгүй гэж мэдүүлсэн байна. Энэ нь Монголд хэрэглэхийг хориглосон бодис аж. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
- Э.Д, А.Б нар хамтран, 2026.04.06-нд тээврийн хэрэгсэл дотор каннабинол, каннабидиол, дельта-9 тетрагидроканнабинол, метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй бодисуудыг хадгалж байгаад, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанд баригдсан байна. Тэд уг бодисуудаа худалдах зорилгогүй байсан гэж мэдүүлсэн аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
- Т.Т 2026.03.08-нд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис түүжээ. Түүнийгээ хадгалж байгаад Хар тамхитай тэмцэх албанд баригдсан байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
