Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт Франц улсын Парис хотод боллоо. 200 гаруй улсын төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид оролцсон чуулга уулзалтаар виртуал хөрөнгө, залилах гэмт хэргийн бүлэглэлүүд зэрэг хувьсан өөрчлөгдөж буй санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээрх арга хэмжээг олон улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Виртуал хөрөнгийн үйл ажиллагаанд нөлөө бүхий улс орнуудад виртуал хөрөнгөтэй холбоотой стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх юм байна.
Залилах гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх асуудлыг олон улсын хэмжээнд тэргүүлэх чиглэл болгосон тайланг энэ хурлаар баталлаа. Энэ нь эдгээр гэмт хэргийн үйл ажиллагааны далд сүлжээг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус орлогыг хураан авах чиглэлээр ФАТФ болон олон улсын сүлжээний хамтын ажиллагааг эрчимжүүлэх үндэс суурийг бүрдүүлжээ. Залилах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ФАТФ-ын шинэ удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний анхны үр дүн болсон юм.
Энэ удаагийн чуулга уулзалтаар Мексик болон АНУ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр нөлөө, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлсэн Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэн баталсан ба тайланг энэ оны 12 дугаар сард нийтлэхээр боллоо. Түүнчлэн, МУТСТ тогтолцоог бүрдүүлэхэд чадавх султай улс орнуудад тулгарч буй сорилт, бэрхшээлийг судалсан судалгааг үндэслэн ФАТФ-аас зарим хөгжиж буй улс орнуудын онцлог, нөхцөл байдалд нийцсэн харилцан үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх, харилцан үнэлгээг гүйцэтгэх үнэлгээчдийн эрсдэлд суурилсан аргачлалын талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах чиглэлээр сургалтыг нэмэгдүүлэх, улс орнуудын чадавхыг бэхжүүлэх хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар шийдвэрлэв.
Мөн хувийн хэвшил болон төрийн эрх бүхий байгууллагуудын эрсдэлд суурилсан аргачлалын хэрэгжилтийг сайжруулах хүрээнд АНУ-ын Техас мужийн Даллас хотноо ирэх сард хөгжлийн форум зохион байгуулахаар тогтсон бөгөөд тус форумд улс орнуудын хяналт шалгалтын байгууллага, Санхүүгийн мэдээллийн алба, хууль сахиулах байгууллага, санхүүгийн болон санхүүгийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, эрсдэлд суурилсан аргачлалын хэрэгжилтийг сайжруулах бодлогын чиглэлийг тодорхойлсон баримт бичиг боловсруулах юм.
“Хар” ба “Саарал” жагсаалтад орсон өөрчлөлтүүд:
ФАТФ-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад байсан Болгар, Кот-д’Ивуар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Монако Улсуудыг стратегийн дутагдлаа арилгах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, үнэлэхүйц ахиц гаргасан гэж дүгнэн “саарал” жагсаалтаас хасахаар шийдвэрлэв. Харин Вьетнам Улсыг стратегийн дутагдлаа арилгах чиглэлээр бодит ахиц дэвшил гаргаагүй тохиолдолд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээ мэдэгдлээ.
