Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.
О.Н Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа нэгэн аж ахуйн нэгжийн гаалийн мэдүүлэгт хяналт шалгалт хийсний хариуд хахууль авсан гэх хэрэгт холбогджээ. Ж.Э Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн газарт мэдүүлж буй жимс, ногооны төрлийн барааны гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа өөртөө хууль бус давуу байдал бий болгох зорилгоор гаалийн байцаагч нарт удаа дараа нийт 43 сая төгрөгийн хахууль өгснийг АТГ тогтоожээ. Г.Б Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 155,7 сая төгрөгийн татвар ногдуулах барааг илрүүлсэн аж. Гэвч тэр албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад 233,5 сая төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон гэнэ.
Одоогийн байдлаар АТГ гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 хэрэг шүүхэд шилжүүлжээ. Үүнээс 17 нь шүүхээр шийдэгдсэн бол 1 хэргийг Замын-Үүд дэх Сум дундын шүүх, 3 хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж байгаа аж. АТГ одоо 4 хэрэг мөрдөн шалгаж байна.
