Өндөр барилгад гарсан галын улмаас 14 хүн амиа алджээ


БНХАУ-ын хойд хэсгийн Шаньси мужийн Тайюань хотын өндөр барилгад гарсан гал түймрийн улмаас наад зах нь 14 хүн амиа алджээ. Гал түймэр арваннэгдүгээр сарын 8-ны ням гарагийн орой хотын төвд гарсан бөгөөд тухайн үед гэрчүүд галын дөл, өтгөн хар утааг дүрсжүүлэн авчээ.

Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, гал орон нутгийн цагаар 16:59 цагт эхэлсэн байна. Гал сөнөөгчид хоёр цаг орчим ажиллаж, 19:00 цагийн үед галыг унтраажээ. Аврах ажиллагаа 20:30 цагт дууссан бөгөөд нийт 38 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Анх таван хүн амиа алдсан гэж мэдээлж байсан бол даваа гарагт нас барагсдын тоо 14 болж нэмэгджээ. Одоогоор 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн ес нь хүнд гэмтэлтэй байна.

Галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгалт явуулж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *