Дэлхийн газрын тосны үнэ 11 дүгээр сарын 12-ны пүрэв гаргийн Азийн арилжааны эхэнд баррель тутамдаа 1 ам.доллароос илүү хэмжээгээр буурчээ. Үүнд “Ойрх Дорнод болон Орос-Украины дайныг зогсоох дипломат хүчин чармайлт үр дүнд хүрч магадгүй” гэсэн хүлээлт, мөн газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж буй нөхцөл байдал нөлөөлсөн байна. Тодруулбал: Брент маркийн газрын тосны фьючерс үнэ 1.14 ам.доллар буюу 1.2 хувиар буурч, баррель нь 91.62 ам.долларт хүрсэн бол АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 1.04 ам.доллар буюу 1.2 хувиар буурч, 85.49 ам.доллар болжээ.
Гэвч арилжааны явцад үнэ эргэн өсөж, Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын 12-ны 15:30 цагийн орчимд Брент 93.21 ам.доллар, WTI 86.80 ам.долларт хүрэв.
Зах зээлд нөлөөлсөн гол үйл явдлын нэг нь Орос, Украины энхийн хэлэлцээ юм. Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа хоёр улсын төлөөлөгчид олзлогдогсдыг их хэмжээгээр солилцохоор тохиролцжээ. Гэхдээ газар нутгийн асуудал зэрэг дайныг эцэслэхэд чухал нөлөөтэй асуудлуудаар санал зөрөлдөөн хэвээр байгааг АНУ-ын зуучлагчид мэдээлсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ онд дайныг зогсоох чиглэлээр бодит үр дүнд хүрэх найдвар байгааг илэрхийлжээ.
Мөн АНУ, Ираны хоорондох мөргөлдөөн цаашид хурцдахгүй байж магадгүй гэсэн хүлээлт газрын тосны үнийн өсөлтийг хязгаарласан байна. АНУ, Ираны хооронд дайныг зогсоох дипломат хүчин чармайлт үргэлжилж байгаа ч цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал зөрөлдөөн арилаагүй хэвээр байгаа юм. Ираны Аюулгүй байдлын асуудал хариуцсан тэргүүн Мохсен Резаи баяжуулсан цөмийн материалыг гадагш гаргахгүй гэдгээ мэдэгдэж, АНУ дахин цохилт өгвөл хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.
Үүнээс гадна дэлхийн газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь үнэд нөлөөлсөн байна. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний түнш орнуудын олборлолт буюу ОПЕК+ бүлгийн 10 дугаар сарын олборлолт нэмэгдэж, Саудын Арабын үйлдвэрлэл өсжээ. Мөн АНУ-ын газрын тосны нөөц сүүлийн долоо хоногт есөн сая баррелиар нэмэгдсэн тухай Америкийн Газрын тосны хүрээлэнгийн мэдээлэлд дурдсан байна.
Гэхдээ газрын тосны үнэ цаашид тогтвортой буурах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол замуудын нэг болох Ормузын хоолойн нөхцөл байдал тогтворжоогүй, бүс нутагт танкерууд шатаж, газрын тос асгарсан болон дрон, пуужингийн халдлага үргэлжилж байгаа аж. “Nissan Securities” компанийн ахлах стратегич Хироюки Кикукавагийн тайлбарласнаар Орос-Украины гал зогсоох хэлэлцээ урагшлах, мөн АНУ, Ираны мөргөлдөөн цаашид хурцдахгүй байх хүлээлт зах зээлд нөлөөлж байгаа ч Ормузын хоолойн тодорхойгүй байдал газрын тосны үнийг огцом унахаас сэргийлж байна.
