ОХУ-ын Крымын хойгийн Ялта хотод залуу уран бүтээлчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг Дэлхийн II дайны үеийн удирдагчидтай зэрэгцүүлэн дүрсэлсэн ханын зураг бүтээжээ. Тэд энэхүү бүтээлээ “Ялта-2.0” хэмээн нэрлэж, дэлхийн шинэ дэг журам бүрэлдэх боломжийг бэлгэдсэн байна.
Уран бүтээлч Дмитрий Давыдов, Алексей Орлов нар уг зургийг 1945 оны хоёрдугаар сард Ялта хотод болсон түүхэн уулзалтын дурсгалын хөшөөний дэргэд бүтээжээ. Тухайн үед ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар Ливадия ордонд уулзаж, Нацист Германыг ялсны дараах Европ болон дэлхийн ирээдүйн асуудлыг хэлэлцсэн юм.
Уран бүтээлч Алексей Орловын үзэж байгаагаар, өнөөгийн АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчид дэлхийн шинэ дэг журмын ирээдүйг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэх хүмүүс юм. Тиймээс тэднийг Дэлхийн II дайны ялсан гүрнүүдийн удирдагчидтай нэгэн зурагт дүрсэлсэн нь түүхэн бэлгэдэлтэй аж.
Ялта хотын оршин суугч Ольга Петросян 1945 оны Ялтын уулзалт болон 2026 оны Шэньжэний уулзалтын хооронд ижил төстэй зүйл олон байна гэж үзжээ. Тэрбээр энэ удаагийн уулзалтаар дэлхийн аюулгүй байдлын шинэ тогтолцоо бүрэлдэнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Кремлийн туслах Юрий Ушаков ч гурван улсын удирдагчдын уулзалт дэлхийн үйл хэрэгт томоохон нөлөө үзүүлнэ гэж мэдэгджээ.
АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчдын гурван талт уулзалтыг арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
