Даваа гаригт Улаан тэнгист живж сүйрсэн аяллын усан онгоцноос амьд гарсан 33 хүнийг Египетийн аврагчид олж, авраад байна. Тэрхүү живсэн усан онгоцонд 31 зорчигч, усан онгоцны багийн 13 гээд нийт 44 хүн зорчиж явснаас ийнхүү 33-ыг нь авраад байгаа ажээ. Үлдсэн 11 хүнээс 4 нь амь үрэгдсэн бол 7 хүн сураггүй алга болоод байгаа юм. Амь үрэгдсэн 4 хүний хэн болохыг Египетийн эрх баригчдын зүгээс хараахан зарлаагүй байгаа ч тэдний 2 нь Их Британийн иргэн байсан гэдгийг BBC агентлаг мэдээлж байна. Sea Story хэмээх 2022 онд үйлдвэрээс гарсан, 44 метр өндөр, 4 давхар, 18 өрөө бүхий орчин үеийн аяллын усан онгоц ням гаригт Марса Алам боомтоос 5 хоногийн аялалд гарч, Улаан тэнгист аялж яваад маш хүчтэй давалгаанд цохигдон живсэн бөгөөд ослын дохиог орон нутгийн цагаар даваа гаригийн үүрийн 05:30-д авсан гэдгийг орон нутгийн эрх баригчид мэдээлсэн юм.

Тэдний мэдээлснээр усан онгоц 5-7 минутын дотор живсэн ба зарим хүмүүс өөрсдийн байрлаж байсан өрөөнөөс гарах ямар ч боломжгүй байжээ. Усан онгоц живснээс хэдэн цагийн дараа тухайн хэсгээр өнгөрч явсан өөр нэгэн аяллын онгоц болон Египетийн зэвсэгт хүчний албан хаагчид нийт 28 хүнийг аварсан бол мягмар гаригт ахин 5 хүнийг аварсан байна. Хөлгийн багийн гишүүд бүгд Египетийн иргэд байсан бол усан онгоцонд Бельги, Их Британи, Хятад, Финланд, Герман, Ирланд, Польш, Словак, Испани, Швейцарь болон АНУ-ын жуулчид аялж явжээ. Сураггүй алга болоод байгаа 7 хүний дотор Польшийн 2, Финландын 1 жуулчин багтаж байгааг эдгээр улсуудын гадаад хэргийн яамнаас мэдээлээд байгаа юм. Өнгөрсөн жил мөн Марса Алам боомтоос гарсан шумбагч онгоцонд гал гарч, шатсаны улмаас Их Британийн 3 иргэн харамсалтайгаар амиа алдаж байжээ.