АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Орос-Украины мөргөлдөөний асуудлаарх АНУ-ын тусгай элчээр Кит Келлоггийг сонгон, нэр дэвшүүлснээ лхагва гаригт мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ “Бид хамтдаа энх тайвныг баталгаажуулж, АНУ-ыг болон дэлхий ертөнцийг дахин аюулгүй болгоно” гэсэн байна.
АНУ-ын армийн тэтгэвэртээ гарсан дэслэгч генерал Кит Келлогг нь Д.Трампын ерөнхийлөгчөөр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2017-2021 онд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн дэд ерөнхийлөгч асан Майк Пенсийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үеэр Д.Трамп хэрвээ ялалт байгуулбал албандаа орсон эхний өдрөө, 24 цагийн дотор Украины дайныг дуусгана гэсэн амлалтыг удаа дараа өгч байсан ч яг ямар арга замаар үүнийг хийхээ тайлбарлаагүй билээ. Тэгвэл Орос, Украины зөрчлийн асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээг явуулах гол хүнээр ийнхүү Кит Келлогг тодроод байна. Трампын энэхүү томилгоо нь Орос, Украины зөрчил мөргөлдөөний талаарх АНУ-ын байр сууринд томоохон өөрчлөлт гарч магадгүй болохыг харуулаад байна.
Кит Келлогг өмнө нь “Бид Украинчуудад хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй, үгүй бол АНУ-ын дэмжлэг дуусах болно гэдгийг ойлгуулна, Оросуудад ч мөн яг ингэж хэлнэ” хэмээн хэлж байсан удаатай.
Гэвч Д.Трампын энэхүү томилгооны сонголт нь АНУ-ын Европын холбоотнууд болон мөн түүний өөрийнх нь Бүгд найрамдах намын эсэргүүцэлтэй тулгарч магадгүй гэсэн дүн шинжилгээг Ройтерс агентлаг онцлоод байгаа юм.