ОХУ-ын гадаад хэргийн сайд Украины дайн эхэлснээс хойш анх удаа ЕХ-нд зочилж байна


Мальта улсад зохион байгуулагдаж байгаа Европын аюулгүй байдлын чуулга уулзалтад ОХУ-ын гадаад хэргийн Сергей Лавров оролцож байна. Тэрээр Украины дайн эхэлснээс хойш анх удаагаа ЕХ-ны гишүүн улсад зочилж, энэ төрлийн арга хэмжээнд оролцсон явдал энэ болж байна.

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын чуулганд Сергей Лавровыг үг хэлэх үеэр хэд хэдэн улсын төлөөлөгч нар эсэргүүцлээ илэрхийлэн, хурлын танхимыг орхин гарч явсны дотор Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига багтсан талаар Украины ГХЯ-наас мэдээлжээ. А.Сибига мөн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд ОХУ оролцож байгаа явдал нь байгууллагын зорилгын эсрэг зүйл гэдгийг хэлж, энэ нь бидний нэгдмэл аюулгүй байдлын эсрэг хамгийн том аюул заналхийлэл хэмээн онцолжээ.

Украины гадаад хэргийн сайд С.Лавровыг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн цоллосон бол Польшийн гадаад хэргийн сайд түүнтэй уулзахаас татгалзсан гэх зэргээр С.Лавровын эсрэг үйлдлүүд чуулганы үеэр олон гарсан байна.

Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд хэлсэн үгэндээ шинэ хүйтэн дайныг бий болгохыг зорьж байгаа явдалд барууны улс орнуудыг буруутгаж, “цаашдаа энэ нь хүйтэн биш халуун дайн болох эрсдэл дагуулж байна” хэмээн анхааруулжээ.

Чуулганд мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен оролцож байгаа бөгөөд тэрээр ОХУ-ыг баримт нотолгоогүй худал мэдээллийг их хэмжээгээр цацаж, Украины дайныг улам гааруулж байна хэмээн буруутгаж, “энэ бүх дайн тулаан Оросын аюулгүй байдалтай ямар ч холбоогүй, харин ноён Путины Украиныг дэлхийн газрын зургаас арилгах империалист төлөвлөгөө юм” хэмээн хатуухан хэлээд авсан байна. Чуулганы үеэр Блинкен, Лавров нарын хоёр талт уулзалт төлөвлөгдөөгүй байна.

Энэ долоо хоногт зохиогдох чуулганы өмнө ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова Гадаад хэргийн сайд С.Лавровыг дагалдан оролцох ёстой байсан ч Мальта улс түүний визийг хүчингүй болгосон талаар өөрийн Телеграм хуудсандаа нийтэлж, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг “украинжсан” байна гээд, тус байгууллагыг өөрсдийн ашиг сонирхлын төлөө ашиглаж байна хэмээн барууны улс орнуудыг буруутгажээ. Хэдийгээр С.Лавров ЕХ-ны хоригийн жагсаалтанд багтсан ч түүний аялж зорчих эрхийг нь хязгаарлаагүй байна.

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын чуулганаар 57 гишүүн орны төлөөлөгчид Европ тивийн аюулгүй байдлын асуудал, тэр дотроо олон улсын зөрчил мөргөлдөөн болон сонгуулиудад ажиглагчдыг илгээх асуудлыг хэлэлцэж байна. Энэ оны эхээр ОХУ-ын Төрийн Думд дээрх байгууллага дах оролцоог цуцлах асуудлаар санал хурааж байсан удаатай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *