Gen Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн асуудал


Дэлхийн хэмжээнд компаниуд Gen Z гэгдэх үеийнхнийг ажилд аваад удалгүй халах хандлага маш их гарч байна. Тэгвэл яагаад ийм асуудал үүсдэг юм бол?

Нэр томъёо, тодорхойлолт

Юун түрүүнд Gen Z гэж ямар утгатай нэр томъёо болох, үүнд хэнийг багтаадаг талаар товчхон авч үзье. Gen Z гэдэг нь Generation Z хэмээх үгний товчлол бөгөөд нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн бусад хэсгээс тэргүүлэгч голцуу барууны улс орнууд, Европ, ялангуяа АНУ-д өргөн хэрэглэгддэг демографикийн нэр томъёо юм. Цаг хугацааны хувьд 80-аад онд төрсөн Gen Y буюу Миллениалуудын дараах үе учраас англи хэлний цагаан толгойн үсгийн дарааллаараа Gen Z гэж нэрлэгдсэн энэ үед 1990-ээд оны дундаас 2010-аад оны хооронд төрсөн хүмүүс хамаарагддаг байна.

Энэ үеийн хүмүүс интернет, цахим технологийн үсрэнгүй хөгжлийн үед төрж өссөн байдаг учраас хэрэглээний чадвар нь сайн, муугаас үл хамаараад Gen Z үеийнхнийг “digitally native” буюу “төрөлхий цахим үеийнхэн” гэж нэрлэдэг бөгөөд өмнөх үеийнхэнтэй харьцуулахад амьдралын хэмнэл нь удаан, эрт жирэмслэх болон согтууруулах ундааны хэрэглээ нь харьцангуй бага байдаг ажээ. Түүнчлэн элдэв төрлийн харшилтай, сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал болон нойргүйдэл элбэг тохиолддог байна. Ихэнх цагийг утас, компьютер дээр өнгөрөөж, ном бага уншдаг тул анхаарал төвлөрөх чадвар, үгийн баялаг, дээд боловсрол/академик түвшний мэдлэг чадвар султай, тэр хэрээрээ дэлхийн ирээдүйн хөгжил, эдийн засаг дах үүрэг оролцоо багатай гэж судлаачид үздэг байна.

Intelligent-ээс явуулсан судалгааны үр дүн

Тэгвэл компаниуд Gen Z үеийнхнийг ажилд авсандаа сэтгэл хангалуун бус, дөнгөж их сургууль төгссөн залуусыг ажилд авахаасаа аль болох татгалзах болсон тухай сүүлийн үеийн судалгааны дүн гарчээ. Өөрөөр хэлбэл энэ үеийнхэн тэднийг хүсэхгүй байгаа хөдөлмөрийн зах зээл рүү гарч эхэлж байгаа юм.

Боловсрол болон карьерын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Intelligent платформын (www.intelligent.com) зүгээс 1000 орчим хүний нөөцийн менежерүүдийг оролцуулсан судалгааны дүнгээр 6 ажил олгогч тутмын 1 нь Gen Z үеийнхнийг ажилд авахаасаа цааргалдаг болсон бөгөөд үүний гол шалтгаан нь маш амархан гомдож, өөрт нь тавьсан ажил үүргийн шаардлагыг буруугаар буюу хэтэрхий хүндээр хүлээж авдагтай холбон тайлбарлажээ.

1997-2010 оны хооронд төрсөн, хөдөлмөрийн зах зээлд орж ирж байгаа Gen Z үеийн залуусын 50-иас дээш хувь нь хүнтэй харилцах чадвар муутай, ажлын ёс зүй болон хариуцлагын доголдолтой, гомдомтгой/шантрамтгай, дийлэнх нь ажлын шаардлагад нийцдэггүй буюу хангалттай бэлтгэгдээгүй байдаг байна.

“Энэ үеийнхэн хэрэглэгч/үйлчлүүлэгчид, түншүүд, дарга болон хамтран ажиллагсадтай харилцах наад захын харилцааны ур чадвар болон мэдлэг ойлголтгүй, мөн ажлын ёс зүйгүй байдаг” хэмээн АНУ-ын Калифорнийн их сургуулийн харьяа Хаасын бизнесийн сургуулийн багш Холли Шротт тодорхойлсон байна. “Тийм ч учраас тэднийг ажилд авахдаа эхлээд ур чадварын сургалтанд хамруулах эсэхийг компаниуд бодолцож авч үзэх хэрэгтэй, нэг үгээр хэлбэл компанийн дарга захирлууд өөрсдийгөө ажил олгогч гэхээсээ илүү дасгалжуулагч, зааварлагч шиг тэдэнтэй харилцах хэрэгтэй болно” хэмээн тэрээр нэмж хэлжээ.

Компаниуд яагаад Gen Z үеийнхнийг олноор нь халах болов?

Intelligent-ийн судалгаанд оролцсон 10 компани тутмын 6 нь энэ жил их дээд сургууль төгссөн төгсөгчдийг ажилд аваад халсан талаараа хариулсан байна. Халсан шалтгаануудаа тайлбарлахыг хүсэхэд шинээр ажилд орсон залуус ямар ч ажлын идэвхи санаачлагагүй, энгийн харилцааны чадваргүй гэсэн энэ хоёр сул талыг хамгийн олон удаа дурьджээ.

Түүнчлэн судалгаанд оролцсон ихэнх хүний нөөцийн менежерүүд Gen Z үеийнхэн ажлын ачаалал даах чадваргүй, ихэнх нь байнга ажилдаа хоцорч ирдэг, тохиромжгүй хувцаслаж, хүнтэй эвгүй харьцдаг хэмээн хариулжээ.

Intelligent платформын боловсрол болон карьер хөгжлийн ахлах зөвлөх Ху Нгуены хэлснээр өнөөдөр ихэнх их дээд сургууль, коллеж төгсөгчид анх удаа ажилд орж, ажлын байранд гарахдаа нэлээд хүндрэлтэй тулгарч байгаа ба тэдний бэлтгэл хангалтгүй, ажлын хэмнэл, компанийн соёл зэргийг мэдэхгүй, мөн хэдийгээр их дээд сургуулиас онолын зарим мэдлэгтэй төгссөн ч жинхэнэ амьдрал дээрх практик чадвар нь сул байна, soft skills буюу наад захын хүнтэй харилцах чадвар сул байгаа учраас компаниуд ажилд авсан Gen Z үеийн залуусыг удалгүй халах гол шалтгаан болж байгаа гэнэ.

Өнгөрсөн 4 сард явуулсан өөр нэгэн судалгааны дүнгээр Gen Z үеийнх төлөөлөл болсон ажилтнуудын ихэнх нь ажил хайхдаа эцэг эхээсээ тусламж авч, ажлын анкетаа эцэг эхээрээ бөглүүлж, ажлын ярилцлагадаа эцэг эхийгээ дагуулан очиж, тэднээр “яриулж” ажилд ордог гэсэн байна. ResumeTemplates-ээс явуулсан дээрх судалгаанд 1500 орчим ажил хайж байгаа залуус оролцсон бөгөөд судалгаанд оролцогчдын 70 хувь нь ажил хайхдаа эцэг эхээсээ тусламж хүссэн гэсэн бол 4 Gen Z тутмын 1 нь ажлын ярилцлагадаа эцэг, эхээ дагуулж очсон гэж хариулжээ.

Судалгааг эндээс харна уу

Шинэ төгсөгчид ажилд орохын тулд юуг анхаарах ёстой вэ?

Ажил олгогчдын зүгээс Gen Z үеийнхэнд хандаж, ажилд орох боломж бололцоогоо дээшлүүлэхийн тулд хувийн идэвх санаачлагаа нэмэгдүүлж, эерэг хандлага болон харилцаатай байхыг зөвлөжээ. Хүний нөөцийн менежерүүд мөн жинхэнэ амьдрал дээрх дадлага туршлагыг аль болох эрт ажил дээр гаран сурч мэдэх, сошиал орчноос хөндийрөх, мөн элдэв сэдвээр, ялангуяа улс төрийн сэдвийн яриа, хэрүүл маргаанаас аль болох хол байхыг Gen Z үеийнхэнд зөвлөсөн байна.

Хэдийгээр хөдөлмөрийн зах зээлд дөнгөж хөл тавин орж ирж байгаа шинэ үеийн залуусыг ажилд аваад удалгүй халах хандлага их байгаа ч Gen Z үеийнхэн өнөөдөр дэлхийн нийт ажиллах хүчний 25 хувийг бүрдүүлж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй учраас Gen Z үеийнхэнд зориулсан дадлага олгох сургалтанд хөрөнгө хаяхаас өөр арга байхгүй гэдгийг судлаач мэргэжилтнүүд компаниуд, ажил олгогч нарт давхар зөвлөж байна.

Эх сурвалж:

https://www.euronews.com/next/2024/10/15/companies-are-firing-gen-z-workers-soon-after-hiring-them-whats-behind-their-job-market-st


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *