Christmas буюу зулсарын баярыг хуулиар хориглосон улсууд


Жил бүрийн 12 сарын 25-нд тэмдэглэдэг Christmas буюу зулсарын баярын өдрийг Европ, Хойд Америк, Австрали зэрэг бүс нутгийн христийн шашин шүтлэгтэй улс орнуудад өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж ирснээс гадна гацуур мод чимэглэж засах, Санта өвөөгийн бэлэг гэх зэргээр энэ баярын зарим уламжлалууд дэлхийн бусад улс орнуудад түгэн дэлгэрсэн байдаг.

Манай улсад ч мөн ЗХУ-ын дагуул, социалист лагерийн орнуудын тоонд багтаж байсан он жилүүдэд яг тэрхүү зулсарын гацуур мод засч чимэглэх, Дед Мороз буюу өвлийн өвгөнөөс бэлэг авах зэрэг уламжлалууд зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг болох соёлын довтолгоо хэлбэрээр орж ирсэн байдаг. Христийн шашны томоохон урсгалын нэг болох Ортодокс буюу Үнэн алдартны шашин бол оросуудын шүтлэг бөгөөд Европын Санта Клаусын орос хувилбар нь “Дед Мороз” ба Монголд “Жавар өвөө”, “Өвлийн өвөө” гэсэн нэрээр орж ирсэн байдгийг социализмын үед хүүхэд насаа өнгөрөөсөн хүн бүр мэдэх буй заа.

Шашин шүтэх эрх чөлөөг хүндэлдэг улс орнууд олон байдаг ч мөн түүх соёл, шашин шүтлэг, өв уламжлалаа дээдэлж, гадны зөөлөн хүчний бодлогын эсрэг хатуу зогсдог улс орнууд ч мөн байдаг.

Ялангуяа христийн шашны олон улсад хамгийн өргөн дэлгэр тархсан уламжлал болох зулсарын баярыг тэмдэглэхийг хуулиар хориглосон улс орнууд байдаг байна.

Тухайн улсын хууль тогтоомжийг мэдэлгүй гацуур мод засах, Санта өвөө шиг хувцаслаж хүүхэд багачуудад бэлэг тараавал торны цаана ч сууж мэдэх аюултай тийм улс орнуудыг байдгийг уншигч та бүхэнд сонирхуулахаар бэлдлээ. Ингээд зулсарын баярыг хуулиараа хориглосон 5 улсыг танилцуулья.

Тажикстан

Хэдийгээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байхдаа зулсарын баярыг тэмдэглэж байсан туршлага байдаг ч Тажикстан улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш энэхүү баярыг тэмдэглэх нь багассаар сүүлд 2013 онд Дед Морозыг зурагтаар гаргахыг хориглосон хууль батлагдаж байсан юм. Афганистан, Киргизстан, Узбекистан улсуудтай хиллэдэг Тажикстан улсад сүүлийн хорин жилийн дотор энэхүү баярын эсрэг бодлого явуулж, хууль тогтоомжоо чангатгаж, олон хууль батлагдсаны нэг нь дээрх хууль бөгөөд мөн салют буудуулах, баярын ширээ засах, бие биедээ зулсарын бэлэг өгөх зэргийг хуулиар хориглосон байдаг байна. Түүнчлэн цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиудад зулсарын гацуур мод засч чимэглэхийг тус улсын Боловсролын яамнаас гаргасан тушаалаар хориглосон байдаг ажээ.

Бруней

Зүүн өмнөд Азийн жижиг хаант улс болох Бруней улсад зулсарын баяртай холбогдолтой бүхий л зүйлсийг хуулиар хориглосон байдаг. Жишээ нь Санта Клаусын хувцас болон малгай өмсөх, зулсарын баярын чимэглэл хадах гэх зэрэг. Тажикстанаас нэг ялгаатай нь энэ улсад шашин шүтэх эрх чөлөөг дээдэлдэг тул христийн шүтлэгтэй хүмүүсийг зулсарын баяраа тэмдэглэхийг зөвшөөрдөг хэдий ч баяраа ил задгай биш, гэр орондоо тэмдэглэх ёстой гэж заасан байдаг ажээ. Түүнчлэн зулсарын баярыг гэртээ тэмдэглэх гэж байгаагаа эрх баригчдад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээдэг ба мэдэгдэлгүйгээр нууцаар тэмдэглэсэн нь баригдвал 20 мянган орчим доллартай тэнцэх торгууль төлж, 5 хүртэлх жил хоригдох ял сонсох шийтгэлтэй гэнэ. Муслим шашин шүтлэгтэй, байгалийн тосны баялаг нөөцтэй энэхүү улсын эзэн хаан, султан Хассанал Болкиа 2014 оны нэгэн ярилцлагадаа зулсарын баярыг хориглосон шалтгаан нь муслим шүтлэгтэй ард түмнийг бутарган задлахаас сэргийлэх зорилготой хэмээн ярьж байжээ.

Саудын Араб

Саудын Араб улсад Грегорийн цаг тоолол бус сарны хуанли ашиглах хуультай байдаг тул мөн л зулсарын баярын элдэв чимэглэл гэх зэрэг ил харагдах бүхий л зүйлсийг хуулиар хориглосон байдаг байна. Тус улсад христийн шашинтай холбоотой зулсар, валентин, хэллоуин гээд бүх баярыг хориглосон байдаг ч Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салман зарим нэг хатуу дүрэм журмыг зөөллөх шийдвэр гаргасны дараагаар зулсарын баярыг тэмдэглэх явдал бага зэрэг нээлттэй болжээ. Гэхдээ л зулсарын баярыг хориглосон хуулийг цуцласан гэх нэг ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй тул хууль хэвээрээ үйлчилж байгаа гэсэн үг юм.

Хятад

Хятадад зулсарын баярыг “барууны шашны урсгалын халдварт өвчин, хар тамхи”, “ичгүүртэй баяр” гэх зэргээр нэрлэж, тус улсын эрх баригч Хятадын Коммунист Намын гадаад улс орны элдэв нөлөөллийг устгах бодлого, зорилтын хүрээнд уг баярыг хэсэгчлэн хориглосон байдаг. Хэсэгчлэн хориглосон шалтгаан нь Хятад улсын эдийн засагтай холбоотой. Зулсарын баярын хиймэл гацуур, тоглоом, гэрлэн чимэглэл, Санта-гийн хувцас, бэлэгний уут сав гээд энэхүү баяртай холбогдолтой бүхий л бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлж асар их ашиг орлого олдог учраас тус улс зулсарын баярыг тэмдэглэх, тэмдэглэхгүй гэдэг дээр эсрэгцсэн хоёрдмол байдалд ордог байна. Хэдийгээр Хятадад зулсарын баярыг хэсэгчлэн буюу зарим бүс, мужуудад хориглосон байдаг ч тус улсад олон сая хүн энэхүү баярыг тэмдэглэсээр байдаг нь саалийн үнээнээсээ салахыг хүсэхгүй байгаатай холбоотой гэсэн үг юм. Гэсэн ч ХКН-ын зүгээс намын гишүүд, засгийн газрын агентлагууд, тэр ч бүү хэл их сургуулиудад зулсарын баяр тэмдэглэхийг хатуу хориглож, нийгмийн сүлжээнд ч мөн зулсарын баярыг бойкотлохыг уриалсан утга агуулгатай нийтлэлүүдийг ихээр цацаж, түгээн тараадаг байна.

Умард Солонгос

Зулсарын баярыг хориглодог өөр нэг улс бол БНАСАУ. Энэ нь ч ойлгомжтой, яагаад гэхээр тус улсын ард түмэн улсынхаа эрх баригч нам болон удирдагч нарыг л дээдлэх ёстойгоос биш ямар нэгэн Есүс Христ, эсвэл Санта Клаусын баяр ёслолыг тэмдэглэх ёсгүй юм. Умард Солонгосын ард иргэд шашны эрх чөлөөгүй бөгөөд үүнийг үндсэн хуульд зааж өгсөн байдаг. Зулсар гэх зэрэг гадны шашны баяр, тэмдэглэлт өдрийг тэмдэглэсэн нь илэрч баригдсан тохиолдолд шоронд хоригдох, тэр ч бүү хэл цаазын ял сонсох аюултай. 2016 онд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун зулсарын баярыг тэмдэглэхийг бүрмөсөн хориглох шийдвэр гаргаж, оронд нь 12 сарын 24-нд тохиодог эмэг эхийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж, түүнд хүндэтгэл үзүүлэхийг ард түмэндээ үүрэгдсэн юм. Зөвхөн зулсар гэлтгүй Умард Солонгос улсад олноороо цугларч архидан согтуурах, дуулж хуурдах болон бусад төрлийн цуглааны арга хэмжээ зохион байгуулахыг хуулиар хориглодог байна.


One response to “Christmas буюу зулсарын баярыг хуулиар хориглосон улсууд”

  1. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *