АНУ ОХУ-ын царцсан эд хөрөнгийн ашиг орлогоос $20 тэрбумыг Украинд олгожээ


ОХУ-ын царцсан эд хөрөнгөөс үүдэлтэй ашиг орлогоос бүрдсэн 20 тэрбум ам.долларыг АНУ Украин улсад үзүүлэх эдийн засгийн тусламж, дэмжлэг хэлбэрээр олгосон байна.

Украины дайнтай холбогдуулан ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн хүрээнд тус улсын барууны улс орнууд дахь эд хөрөнгийг царцааж, дээрх царцаасан эд хөрөнгөөс үүдэлтэй хүүгийн орлогоос 50 тэрбум ам.долларыг дайны хөлд нэрвэгдээд байгаа Украинд улсад эдийн засгийн тусламж хэлбэрээр олгох тохиролцоонд “Их Долоо”-гийн гишүүн орнууд өнгөрсөн 6 дугаар сард хүрч байсан бөгөөд үүний 20 тэрбум ам.долларыг Украин улсад олгожээ.

АНУ-ын Сангийн департаментаас мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ 20 тэрбум ам.долларыг Дэлхийн банкны тусгай сангийн дансанд шилжүүлсэн бөгөөд Украин улс тэрхүү данснаас татан гаргаж авах боломжтой талаар мэдэгдсэн байна.

Эдийн засгийн тусламжийн хэлбэрээр олгосон энэхүү 20 тэрбум ам.долларыг Украин улс дайн байлдааны зорилгоор ашиглах боломжгүй юм. АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Жанет Йеллен мэдэгдэлдээ “ОХУ-ын өдөөсөн хууль бус дайны санхүүжилтийг татвар төлөгч ард иргэд үүрэх ёсгүй учраас бид царцаасан хөрөнгөөс үүдэлтэй ашиг орлогыг улс эх орноо хамгаалан дайтаж байгаа Украин улсын эдийн засгийг дэмжихэд олгож байна” гэжээ.

АНУ, ЕХ болон барууны бусад улс орнууд Украины дайн эхэлсний дараагаар нийт 325 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний Оросын эд хөрөнгийг царцаах арга хэмжээг авсан бөгөөд үүнийг хэрхэн Украинд ашигтай байдлаар хэрэглэх талаар олон сарын турш хэлэлцсэний эцэст хүүгийн орлого болох 50 тэрбум ам.долларыг дайны бус зорилгоор буюу Украины дотоодын эдийн засгийг сэргээхэд зориулан олгохоор шийдвэрлэсэн юм.

Харин энэ үеэр галын шугаманд Украины нөхцөл байдал тун хүндрээд байна. Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хэсгээр нэлээд газар нутгийг буцаан эзлэж аваад байгаа бол өнгөрсөн зун Оросын эсрэг нэлээн хүчтэй ширүүн дайралт хийж байсан Украины зэвсэгт хүчин барууны зэвсгийн дэмжлэг туслалцаа буурч, мөн өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүнд байдалд ороод байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *