Дэлхий нийтээр хүүхдийн хоол, шим тэжээл, эрүүл мэнд, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилготой “Global child nutrition forum 2024” Япон Улсын Осака хотноо болж байна. Үүнийг 2 жил тутам зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулганд 84 улс орны 400 гаруй оролцогч цуглаж, тэргүүлэх улс орнууд сайн туршлагаа хуваалцаж буй.
Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс байгуулсан Сургуулийн хоолны эвсэлд 106 улс элсэж, 2030 он хүртэл сургуулийн хоолны хөтөлбөрийг сайжруулах амлалт өгчээ. Монгол Улс өнгөрсөн жил Франц улсад болсон хурлын үеэр энэхүү эвсэлд нэгдэж, амлалтаа дэвшүүлсэн байна.
Дэлхий даяар 418 сая хүүхдийг сургуулийн өдрийн хоолонд хамруулж, 418 тэрбум доллар зарцуулж байна. 104 улс “Сургуулийн сүү” хөтөлбөр хэрэгжүүлж, 104 сая хүүхдийг хамруулж байгаа аж.
Ковидоос үүдэлтэй цар тахлын дараа хүүхдийн хоолны шим тэжээл багасаж, тураалтай, өлсгөлөн хүүхэд нэмэгджээ. Уг асуудлаас гарах хамгийн боломжит арга зам нь “Сургуулийн хоол” хөтөлбөрийг сайжруулах хэмээн улс орнууд тодорхойллоо.
“Сургуулийн хоол” хөтөлбөрт зарцуулах санхүүжилтээ улс орнууд жил ирэх тутамд нэмж байна. Зарим тохиолдолд эцэг эхийн дэмжлэгийг авч байгаа улс ч бий.
Монгол Улс “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах сурагчдын тоог нэмэх, төсөв санхүүжилтийг олон талт хувилбараар шийдвэрлэх, бүс, орон нутгийн хөгжлийг түшиглэсэн хүүхдийн хоолны үйлчигээг хөгжүүлэх нь чухал байгаа юм.
