Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Эцэг хуульд дархалсан эрхээ бид эдэлмээр байна.
Ерөнхийлөгч 2025 оны Монгол Улсын төсөвт хориг тавьснаар УИХ данхар төсвөө эргэн харахаар болж, энэ өдрүүдэд хэлэлцэж буй. Улсын төсвийг батлахдаа дан ганц эдийн засгийн үр ашгийг харахаас илүүтэй эргээд иргэндээ, хүндээ ямар ээлтэй байх өнцгөө бодож батлах нь зөв. Нийслэл саяхан 2025 оны төсвөө баталсан. Улсын ч бай, нийслэлийн ч бай төсөвт хүний эрх тэр дундаа эрүүл мэндийн тэгш байдал зөрчигдөж байгааг энэхүү бичвэрээрээ дайж байна.
Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийн удирдлагууд төсвийн орлогын хүрээндээ Улаанбаатар хотод тулгамдаж буй утаа, агаар орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд 60 тэрбум 460 сая төгрөг тусгажээ.
Утгаа алдсан утааны төсөв
Цэлмэг тэнгэрийн орон гэгддэг эх орондоо хорол тооно дор аргал түлж ирсэн нүүдэлчин монголчууд XXI зуунд ч улсынхаа нийслэлд түлээ, нүүрстэйгээ зууралдан, утаанд утуулан амьдарч байна. Улстөрчид нь утааг бизнес болгон ашиглаж, утаагүй болгох нэрийдлээр төсвийн мөнгийг хайр найргүй цацаж, харин төлөөсийг нь монголчууд эрүүл мэнд, амь насаараа төлж байна. Утааг арилгана гэж зуухтай ч ноцолдож үзлээ, түлшийг нь ч сольж үзэв. “Цэвэр агаар сан” төсөл, утаагүй зуух, сайжруулсан шахмал түлш гээд утаагүй болгоно гэсэн төсөл, хөтөлбөр утгаа алдлаа.
Засгийн газраас гэхэд 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 550 тэрбум төгрөг, 2017-2020 онд 456.1 тэрбум, 2022 онд 34.5 тэрбум, 2023 онд 39.2 тэрбумыг зарцуулсан хэдий ч агаарын чанар сайжирсангүй. Харин ч доройтож, утаа улам өтгөрөв.
Үндсэндээ 1 их наяд төгрөгийг утааны эсрэг утаа болгон хийсгэж, төлөөсөнд нь эрдэнэт монгол хүний амь үрэгдсээр байна. 2019 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ”Утаа үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн том дайсан” гээд утааг багасгахын тулд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх нь хамгийн эхний гарц гэж Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг болиулсан. Үүнээс хойш таван жил өнгөрлөө.
Гэтэл сайжруулсан түлшний чанарыг 3163 иргэн амиараа шалгаад, чанаргүй гэдгийг нь үхлээрээ нотолчхоод байхад 28 тэрбум төгрөгөөр зуух худалдан авч, айл өрхүүдэд тарааж өгнө гэж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар тендер зарлаадахлаа.
Бизнесийн боломж, эрх мэдлийн түлхүүр нь утаа болчхоод байна
“Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллага байгуулагдан, Сүхбаатарын талбайд хоёр ч удаа жагсаал хийснийг санаж байна уу. “Боож үхлээ” уриатай жагсаалд олон ээж, аав нэгдэж, утааг алга болгохын төлөө тэмцэж байсан. Тус төрийн бус байгууллагыг Т.Пүрэвхүү тэргүүн гэдэг утгаараа манлайлан, олон нийтэд дуу хоолойгоо өргөж байв. Утаа бууруулах санамж бичиг, албан хариултаас залхаж байна хэмээж дорвитой арга хэмжээ авахыг ч шаардаж явсан хүн.
Гэтэл энэ нь бамбай байжээ. Утааны эсрэг жагсаж байсан хүн дөрөвхөн жилийн дотор эхлүүлж байсан ажлаа умартаж, утааг ашиглан, эрх мэдэлд очих замаа бэлдэж байж. Гудамжнаас гарч ирж жагсаал тэмцэл хийж явсан түүний хувьд 2021 онд Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болж, утаагаа танихаа байсан. Тэр байтугай “2016 онтой харьцуулахад утаа 47 хувиар буурсан. Утаатай тэмцэх нь миний ажил биш, Засгийн газрын ажил” гээд жишим ч үгүй ярьж суусан. Ингээд болоогүй. Утаа буурсан гээд өөрийгөө 30.1 сая төгрөгөөр шагначихсан. Энэ бол бодит жишээ. Утаа хэн нэгний эрх мэдлийн гүүр, бизнес болсон.
Утааны төсөв утаандаа шингэж, монголчуудыг дарлаж байна
Утаа ярьж эхэлсэн сүүлийн 10 гаруй жилд утаатай тэмцэх зориулалтаар улсын төсөвт доорх мөнгийг тусгажээ.
Үүнд:
- 2011-2015 онд 93 тэрбум төгрөг,
- 2017-2020 онд нийт 456 тэрбум төгрөг,
- 2021 онд 53 тэрбум төгрөг,
- 2022 онд 43.66 тэрбум төгрөг,
- 2023 онд 27.2 тэрбум төгрөг
Үүгээр хийсэн ажил нь айлын зуух, түлш солих байв. 6.6 тэрбум төгрөгөөр орон нутгийн иргэдэд угаарын хийнээс хэрхэн хамгаалах талаар мэдээ, мэдээлэл өгсөн гэнэ. Үр дүнг нь үзье гэсэн ч алга. Ажил нэртэй аргацаасан арга хэмжээнд энэ их мөнгийг үрчхэж..
Одоо нийслэлийн иргэдийн хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшийг “Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэн, зах зээлд худалдсаар 5 жилийн нүүр үзлээ. Тус үйлдвэр нэг шуудай шахмал түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэдэг ч иргэдэд 3750 төгрөгөөр борлуулдаг. Ийн тус компани 1.2 их наядын алдагдалд оров. Улаанбаатарын утаа ч буурсангүй.
Өнгөрсөн жил хийсэн “Нүүрсний сонсгол”-ын үеэр “Тавантолгой түлш” компани нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өртэй, 583.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан” гэдэг мэдээлэл ил болсон юм. Жил бүр л утааг дагасан төсөв нэмэгддэг атал утаа багасах нь байтугай улам өтгөрч, иргэдийг бүү хэл эхийн хэвлийд бойжих үрсийн эрүүл, амьд явах эрхэнд халдаж, дарлаж байна.
Монголд зуух, нүүрс тараав. Бусад улс бодлого хэрэгжүүлэв
Урд нь Монголын дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг байсан. Гэвч одоо монголчуудын дээр утаа л байна. Үндсэндээ хэдэн тэрбум төгрөг зарцуулсан ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Улиг болсон энэ зүйлд хүмүүс цочирдохоо ч байж. Төсвийн мөнгө эргээд хүндээ зарцуулагдаж, иргэндээ ээлтэй байна уу гэдгийг бид хянаж, асууж, тодруулж байхгүй бол хэдэн хүний түрүүвч түнтийж, Улаанбаатар утаатайгаа мөнхрөх нь.
Утаа салж болдоггүй зүйл юм уу гэвэл үгүй. БНХАУ-ын нийслэл утаанд автаж, гудамжаар нь хүмүүс масктай явдаг байв. Хэдхэн жилийн дотор энэ дүр зураг өөрчлөгджээ. Тэд 2030 он гэхэд цахилгаан машин унах бодлого хэрэгжүүлж, агаарын бохирдуулдаг машин үйлдвэрлэхийг хориглосон. Хорт утаа ялгаруулдаг үйлдвэрүүдийг хааж, оронд нь агаар цэвэршүүлэх цамхаг барьж, ногоон хотхонуудыг байгуулж чаджээ. Ийн Бээжингийн утааг 35 хувиар бууруулж чадсан бөгөөд Ши Жиньпин “Би өглөө сэрээд хамгийн түрүүнд Бээжингийн агаарын чанарыг шалгадаг” гэж мэдэгдлээ.
Английн нийслэл Лондон хотод агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, хэдэн мянган иргэд нь угаартаж, аймшигт үйл явдал болсныг хүн бүхэн мэднэ. Тэгвэл Английн Засгийн газар 4 жилийн дотор утаанаасаа ангижирч чадсан. Ингэхдээ айл өрхийг бүрэн дулаацуулах хүчин чадалтай, цахилгаан бага зарцуулдаг халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг зуухаар сольж, цахилгааны төлбөрийг хөнгөлжээ. Түүнчлэн байгалийн хий ашигладаг машинуудыг татвараас чөлөөлж, авто машинаас ялгардаг хорт утааг бууруулсан.
Дан ганц манай улс бус, Дэлхийн бусад улс орон агаарын бохирдолтой, утаатай тэмцсэн. Герман улс автомашины хязгаарлалт, Грек улс цахилгааны тарифын хямдрал гээд янз бүрийн бодлого хэрэгжүүлсэн байна. Ялгаа нь тэд шийдэж чадсан. Харин бид утаанд ялагдсан. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэгчлэн утааны эсрэг зарцуулсан мөнгө хаачсан бэ гэдгийг бодитой тайлагнаж, нээлттэй хэлэх нь чухал. Утгаа алдсан утааны төсөв угтаа хэдэн хүний халаасанд орсныг мэдмээр байна. Дараа дараагийн эрх баригчид дуурайж халаасалдгийг зогсоомоор байна. Түүний тулд та бид тэр мөнгийг нэхэх ёстой. Цэвэр агаараар амьсгалах эрхээ эдлэх ёстой.
