2024 оны Нобелын эзэд хэн байв


Энэ долоо хоногт 2024 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нобелийн шагнал гардуулах ёслол жил бүрийн 12 сарын 10-ны өдөр буюу уг шагналыг санаачлагч Альфред Нобелийн 1896 онд нас барсан өдөр зохион байгуулагддаг уламжлалынхаа дагуу өнгөрч буй энэ долоо хоногийн мягмар гаригт болсон юм.

Жил бүрийн Нобелийн шагналыг уламжлал болон тогтсон хуваарийн дагуу зарлан, дараагаар нь гардуулдаг. Зарлах болон шагнал гардуулах үйл явцыг “Нобелийн долоо хоног” гэж нэрлэдэг ба энэ жилийн Нобелийн шагналтнуудыг 10 сарын 7-14 хоорондох долоо хоногийн хугацаанд олон нийтэд зарлан танилцуулсан бол шагнал гардуулах “Нобелийн долоо хоног” энэ сарын 6-12 хооронд Швед болон Норвегийн нийслэл хотуудад зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

2024 оны Нобелийн шагнал гардуулах ёслол Шведийн нийслэл Стокхольм хотын Филармонийн концертын их танхимд зохион байгуулагдаж, Нобелийн сангийн тэргүүн Астрид Виддинг шагнал гардуулах ёслолыг нээж, дараа нь шагнал гардуулах байгууллагуудын төлөөлөгчид үг хэлсэн юм. Улмаар Шведийн хаан XVI Карл Густаф энэ жилийн шагналтнуудаар шалгарсан эрдэмтэн, мэргэд, зохиолч, судлаач нарт шагналыг нь гардуулан өгсөн билээ. Ингээд 2024 оны Нобелийн шагналтнуудыг доор танилцуулья.

2024 оны Физиологи, анагаахын шинжлэх ухааны салбарын шагналтнууд

2024 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эздээр генийн үйл ажиллагааг зохицуулдаг микроРНХ-г нээснийхээ төлөө 70 настай Америкийн эрдэмтэн, микроРНХ судлаач Виктор Эмброс, 72 настай молекул биологи, генийн судлаач, Гэри Равкан нар хүртлээ. Тэдний судалгааг тодруулбал, янз бүрийн эсүүд хэрхэн хөгжиж байгааг судалж, генийн зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг РНХ молекулын шинэ төрөл болох микроРНХ байдгийг илрүүлсэн ажээ.

2024 оны Физикийн шинжлэх ухааны салбарын шагналтнууд

2024 оны физикийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналыг өнөөгийн хиймэл оюун ухаан гэгдэж байгаа шинэ технологийн хөгжлийн үндэс суурь болох machine learning буюу машин сургалтын салбарт хийсэн нээлтийнхээ төлөө 91 настай Америкийн эрдэмтэн, физикч Жон Хопфилд, 77 настай Британи гаралтай Канадын эрдэмтэн, компьютерын физикч Жеффри Хинтон нар гардан авлаа. Нобелийн хорооноос Жон Хопфилдод “мэдээллийг хадгалах, сэргээх бүтцийг бий болгосных нь төлөө”, Жеффри Хинтонд “өгөгдлийн шинж чанарыг машин буюу компьютер өөрөө олж илрүүлэх арга”-ыг нээснийх нь төлөө тэднийг Нобелийн шагнал олгож байгааг онцолсон юм.

2024 оны Химийн шинжлэх ухааны салбарын шагналтнууд

2024 оны химийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналыг уургийн бүтцийн судалгаагаараа 62 настай Америкийн эрдэмтэн, биохимич Дэвид Бейкер, 39 настай химич, компьютерын судлаач Жон Жампер, 48 настай Их Британийн хиймэл оюун ухааны судлаач Демис Хассабис нар хүртлээ. 39 настай Жон Жамперын хувьд тэрээр хамгийн залуу Нобелийн шагналтнуудын нэгээр нэрлэгдэж байна. Нобелийн хорооноос Америкийн химич Дэвид Бейкерт амин хүчлүүдийг ашиглан бусад уурагтай адилгүй огт өөр уургийг бүтээх боломжтой гэдгийг нээж, цоо шинэ төрлийн уургийг гаргаж авсан явдалд, харин Жон Жампер, Демис Хассабис нарт хиймэл оюун ухааны технологийг ашиглан уургийн нарийн төвөгтэй бүтцийг урьдчилан таамаглах боломжийг олгосон загварыг бүтээсэн явдлыг нь үнэлж Нобелийн шагнал олгохоор болсон гэжээ.

2024 оны Утга зохиолын салбарын шагналтан

2024 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган хүртэж, нэлээн шуугиан дэгдээгээд амжлаа. Түүнд хүний амьдралын эмзэг талыг нээж харуулсан, яруу найрагтай ижил маш хүчтэй хүүрнэл зохиол туурвисных нь төлөө энэ жилийн утга зохиолын салбарын Нобелийн шагналыг олгоод байна. Өдгөө 54 настай зохиолч Хан Ган Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн анхны Өмнөд Солонгосын зохиолч, Ази тивээс уг шагналыг хүртсэн анхны эмэгтэйгээр тодорсон бөгөөд мөн утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн 18 дах эмэгтэй болж байгаа юм. Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд түүнийг “яруу тод, өөрийгөө сорьсон бичлэгийн хэв маягаараа орчин үеийн хүүрнэл зохиолд шинийг санаачлагч болсон” хэмээн дурдсан байна. Түүний “Цагаан хоолтон” роман нь олон улсад шуугиан тарьж байсан бөгөөд монгол хэл дээр орчуулагдан гарсан уг номд “Монгол толбо” хэмээх бүлэг байдаг байна.

2024 оны Эдийн засгийн салбарын шагналтнууд

Альфред Нобелийн дурсгалд зориулан 1968 онд Шведийн Төв банкнаас санаачлан бий болгож байсан эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг энэ жил 57 настай, Турк гаралтай Америкийн эрдэмтэн, эдийн засагч Дарон Асемоглу, 63 настай, Британи гаралтай Америкийн эдийн засагч Жеймс Робинсон, 61 настай, Британи гаралтай Америкийн эдийн засагч Саймон Жонсон нар “институци, олон нийтийн байгууллагууд хэрхэн бий болж, улс орны хөгжилд хэрхэн нөлөөлдгийг харуулсан улс орнуудын хөгжил цэцэглэлтийн харьцуулсан судалгааны бүтээлээрээ” хүртээд байна.

2024 оны Нобелийн энх тайвны шагнал

2024 оны Нобелийн Энх тайвны шагналыг цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы “Nihon Hidankyo” байгууллагад дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулахад гаргасан үйл ажиллагааг нь өндрөөр үнэлэн олголоо. Тус байгууллага нь 1956 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш “хибакүша” гэж япон хэлээр нэрлэдэг, 1945 онд Хирошима болон Нагасакид хаясан атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүст дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн бөгөөд дэлхийн хэмжээнд цөмийн зэвсгийг хориглохын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж, өөрсдийн туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээлийн талаар дэлхийн өнцөг булан бүрд аялж, ярьж танилцуулах ажлыг хийсэн байна.

Сонирхуулахад 2024 оны 3 сарын байдлаар 106 мянга гаруй хибакүша амьдарч байгаа гэсэн тоо байдаг ба тэдний дундаж нас 85 гэжээ.

Норвегийн Нобелийн хорооны дарга Йорген Ватне Фриднес сүүлийн жилүүдэд цөмийн зэвсэгтэй гүрнүүд зэвсгийн нөөцөө сайжруулах болсныг онцолж, “шинэ, тогтворгүй цөмийн эрин үе” хэмээн тодорхойлоод, үүний эсрэг ажилладаг, хор хөнөөлийг нь биеэрээ бодитоор амссан хүмүүсийн төлөөлөлд олгохоор шийдвэрлэснээ тайлбарласан юм. Норвегийн нийслэл Осло хотноо болсон шагнал гардуулах ёслолд “Nihon Hidankyo” байгууллагын удирдах зөвлөлийн 3 гишүүн оролцож, тус байгууллагын дарга Терүми Танака үг хэлсэн юм.

Ийнхүү Шведийн нийслэл Стокгольм хотын Филармонийн концертын их танхимд 2024 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Шведийн филармонийн сонгодог хөгжмийн тоглолтын хамт зохион байгуулагдсан бол тусдаа олгодог Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол уламжлалынхаа дагуу Норвегийн нийслэл Осло хотын захиргааны танхимд 12 сарын 10-ны өдөр нэгэн зэрэг зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нобелийн шагналтнуудад диплом, Альфред Нобелийн хөрөг бүхий 175 гр жинтэй 18 каратын алтаар урласан одон медаль, мөн 11 сая шведийн крон буюу 1.1 сая ам.доллартай тэнцэх мөнгөн шагнал дагалдаж очиж байгаа бөгөөд нэг салбарын шагналыг олуулаа хүртсэн шагналтнуудад дээрх мөнгөн шагналыг тэнцүү хувааж олгодог билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *