АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн метронд зорчигч эмэгтэйг шатааж хороосон аймшигтай хэрэг ням гарагт гарчээ.
Хотын цагдаагийн комиссар Жессика Тиш-ийн мэдээлснээр орон нутгийн цагаар ням гарагийн өглөө 07:30 цагийн үед Бруклин дүүргийн метрон дотор унтаагаараа зорчиж явсан эмэгтэйг сэжигтэн этгээд галдан шатаасан хэрэг гарсан бөгөөд тэрээр уг хэргийг “нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг үйлдэж болох хамгийн аймшигтай, хэрцгий гэмт хэргийн нэг” хэмээн тодорхойлсон байна.
Түүний хэлснээр сэжигтэн этгээд метронд зорчиж явсан эмэгтэйг унтаж байхад нь хувцсыг нь асаагуураар шатааж, хохирогч газар дээрээ нас барсан ба хэргийн газраас зугтсан сэжигтэнг өөр метронд зорчиж явахад нь баривчилсан талаар мэдээлжээ.
Мөн түүнчлэн сэжигтэн болон хохирогч нарын хооронд ямар ч холбоо байхгүй, тэд өмнө нь огт уулзаж байгаагүй, бие биенээ таньдаггүй хүмүүс байсан талаар хэлсэн байна.
Цагдаа нар хохирогчийг хэн болохыг олж тогтоохоос гадна сэжигтний хэргийг үйлдэх болсон сэдэл, шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.