ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн Камчаткын хойгт осолдсон АН-2 онгоцонд зорчиж явсан багийн 2 гишүүн болон 1 зорчигч гээд гурван хүнийг гурав хоногийн дараа бүгдийг нь эсэн мэнд олжээ. Тэд сүйрсэн онгоцны дотор талд гурав хоног хоол, хүнсгүй байсан ч онгоцны түлшийг шатаан, гал түлж дулаацан, төмөр хувинд цас хайлуулж ууж байсан бөгөөд онгоцны ослын дохиог асааж, тэднийг олоосой хэмээн залбирч байсан талаараа ярьсан байна.
Эрх баригчдын мэдэгдсэнээр онгоцны ослоос амьд үлдсэн дээрх гурван хүнийг олсон даруйдаа эмнэлэгт хүргэсэн ба АН-2 онгоцны нэг нисгэгч тархи нугасны гэмтэл авсан тул яаралтай мэс засал орохоор болсон бол нэг нь хөлдөлтийн зэрэгтэй байсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Хувийн агаарын тээврийн компанид бүртгэлтэй байсан АН-2 онгоц 12-р сарын 19-ний өдөр Милково тосгоноос Оссора тосгон руу карго ачаа тээвэр хүргэх зорилгоор нисэж байхдаа хэт хүйтэн цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас онгоцны үйл ажиллагаа доголдож осолдсон ажээ. Ослоос амьд үлдсэн дээрх азтай гурван иргэнийг Оросын Агаарын тээврийн агентлагийн харьяа Камчаткын бүс нутгийн агаарын тээврийн үйлчилгээний газрын аврагчид олсон байна.
ОХУ-ын Холбооны агаарын тээврийн агентлагийн зүгээс энэхүү осолтой холбогдуулан эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулна гэдгээ мэдэгдсэн байна.