Исланд улсыг ЕХ-нд гишүүнээр элсүүлэх асуудлаар 2027 онд бүх нийтийн санал асуулга явуулна


Скандинавын хойгийн арал улс болох Исланд улсын шинээр байгуулагдаад байгаа засгийн газраас ЕХ-нд гишүүнээр элсэх эсэх тухай асуудлаар 2027 онд бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа талаараа мэдээлжээ.

Ням гаригт байгуулагдаад байгаа ерөнхий сайд Криструн Фростадоттирын тэргүүлсэн шинэ засгийн газраас мөн тус улс евро мөнгөн тэмдэгтэд шилжихийн эерэг болон сөрөг талыг олж тогтоох эксперт мэргэжилтнүүдийн багийг ажиллуулна гэдгийг шинэ засгийн газрын Гадаад хэргийн сайд  Торгердур Катрин Гуннарсдоттир хэлсэн байна. Тэрээр ЕХ-г дэмжигч Исландын Либерал намын тэргүүн бөгөөд хэрвээ ЕХ-нд гишүүнээр элсэх асуудал дэмжигдвэл яриа хэлэлцээг удирдан зохион байгуулах гол улс төрч байх нь даамжиггүй юм.

Исланд улсын хувьд 1980-2000 оны хооронд ЕХ-нд гишүүнээр элсэх тухай асуудал дээр иргэдийн санал “дэмжинэ, дэмжихгүй, шийдээгүй” гэсэн гурван тэнцүү хэсэгт хуваагдаж байсан судалгааны дүн байдаг ажээ. Гэхдээ 2008 оны олон улсын санхүүгийн хямрал, БРЕКСИТ болон дотоодод өрнөсөн бусад асуудлуудаас үүдэн Исландын иргэд аажмаар ЕХ-нд элсэх явдлыг дэмжих болсон байна. 

Маскина хэмээх зах зээлийн судалгааны байгууллагаас өнгөрсөн 6-р сард явуулсан судалгааны дүнгээр судалгаанд оролцогчдын 54% нь ЕХ-нд гишүүнээр элсэх явдлыг дэмжиж байгаа гэж хариулсан бол 74.2% нь ЕХ-нд гишүүнээр элсэх эсэхийг бүх нийтийн санал асуулгаар шийдэх нь хамгийн чухал хэмээн хариулсан байна.

Исландын шинэ засгийн газар байгуулагдаж байгаа явдлыг зарлах ёслолын арга хэмжээ ням гаригт тус улсын баруун өмнөд хэсгийн Хафнарфёрдур хотноо зохион байгуулагдсан бөгөөд шинэ засгийн газрын тэргүүн, ерөнхий сайд Криструн Фростадоттир ёслолын үеэр хэлсэн үгэндээ инфляцыг бууруулж, бодлогын хүүг буулгахаар төлөвлөж байгаагаа онцолжээ.

Өнгөрсөн сард явагдсан ээлжит бус сонгуулиар томоохон ялалт байгуулсан Социал Демократ Эвсэл намын тэргүүн Криструн Фростадоттирын тэргүүлсэн шинэ засгийн газар нь тус улсын түүхэн дэх хамгийн анхны дан эмэгтэй кабинетын гишүүдээс бүрдсэн засгийн газар болсон юм. Түүнчлэн өдгөө 36 настай ерөнхий сайд К.Фростадоттир нь Исландын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайдаар тодроод байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *